Өгүүллэг


Б.ЧИНБАТ 

Гамлет жүжиг 

Чимгээ өчигдөр үзсэн Гамлет жүжигээ өнөөдөр ч бодсоор... Ойрын үед Гамлет жүжиг театрт нээлтээ хийж байна, залуу жүжигчид сайн тоглосон байна гэж радио, телевизээр зөндөө л гарсан боловч Чимгээ өөрөө үзэж байж л үнэнхүү сайн жүжиг болжээ гэдгийг сэтгэл, зүрхэндээ мэдэж авчээ.
Чимгээд ойрд теарт очих, жүжиг үзэх боломж үнэндээ байсангүй, сүүлийн хоёр жил хоёр хүүхдээ хараад гэртээ таг ажилгүй суусан тул үнэндээ нөхөрөөсөө жижиг сажиг мөнгө асуухаас ч эмээдэг болжээ.
Анхандаа нөхөр нь эхнэрээ гэртээ хоёр охиноо харан суухад их олзуурхан баярлаж байсан боловч, ганцаараа ажил хийж, ганц хүний цалин нь хаанаа ч хүрэхгүй байгаад сүүлийн үед их бухимдаж, юм л хийвэл Чимгээд уурлах нь ихсэжээ.
Өчигдөр найз хүүхэн Нараа нь  Гамлет жүжгийн билет авчихлаа гэж дуудаад ...
Чимгээ ч гэрээсээ гардаггүй хүн, бөөн баяр болсоор очжээ. Гэтэл жүжиг эхлэхийн өмнө
Нараа найз нь битгий гутраарай гэж хэлсэнд жаахан гайхжээ. Учирыг нь асуувал хүмүүс бие биедээ тэгж хэлээд байгаа юм гэж хэлжээ.
Жүжиг эхлээд л Чимгээ жүжигийн үйл явдалд бүрэн автжээ. Янзтай жүжиг байлаа. Тэр тоглож байгаа жүжигчид, найруулагч, энэ жүжгийг бичсэн зохиолч ямар агуу юм вэ л гэж бодож суулаа.
Тэр жүжгийн эхлэл, дунд хэсэг, өрнөл, төгсгөл нь бүгдээрээ л үзэгчидыг үе үе дуу алдуулж,  сэтгэл зүрхийг нь хөвсөлзүүлсэн үйл явдалаар дүүрэн байлаа.
Гайхалтай жүжиг... гэхдээ үнэндээ дэндүү харамсалтай төгсгөл...
хүмүүсээ гэж ...
өшөө авалт гэдэг чинь хүмүүсийг ямар ч ахархан бодолтой болгодог юм бэ...
яасан ч их улангасан улайрал вэ...
хүмүүс яагаад ингэж тэнэгтэж амьдардаг юм бэ гэсэн бодол, бас гайхширал...
Ийм л бодолууд, бас ухааралыг  энэ жүжиг Чимгээд өгчээ.
Гэтэл орой нь Чимгээ шөнөжин уйлж хоножээ. Бүүр эхэр татан уйлж хоножээ.
Амьдрал ийм тэнэг байдаг юм гэж үү. Эсвэл тэнэг хүмүүс байдаг болохоор амьдралыг ийм тэнэг болгодог юм болов уу.
Жүжиг үзээд баяр хөөртэй хүн гэртээ ирсэний дараа нөхөр нь хөдөөнөөс ярьжээ.
Сүүлийн гурван жил нөхөр нь цалин сайтай юм гээд хөдөө ажилладаг болсон билээ. Хөдөө 45 хоног ажиллаад, гэртээ 14 хоног амардаг ажил хийх болсон билээ.
Чимгээ сайхан жүжиг үзсэнээ яриад, ойр зуурын юм ярьж байтал ажиллаж байгаа компанийн ажил нь сүүлийн үед муудаад хүмүүсийнхээ цалинг өгч чадахгүйд хүрээд байгаа тухай, цалинг нь хаачихаад өгөхгүй байна гээд  нөхөр нь дуу муутай ярьжээ.
Чимгээ уг нь санаа нь зовоод нөхрийнхөө сэтгэлийг яаж засахаа мэдэхгүй байж байтал, нөхөр нь шууд түүнд уурлаад эхэлжээ.
Хүн цалингаа хаалгачихаад зовж байхад, чи жүжиг үзээд жаргалтай байх шив гэж уурлаад л..
Ажил хийж байгаа болохоор нөхөр нь их зовж байгаа юм байх.
Чимгээг огт зовлонгүй жаргалтай байгаа л гэнэ, гэртээ суугаад жаргаж байгаа зэргээр ярьсан нь түүнийг голдоо ортол гомдоход хүргэжээ.
Гэртээ сууж байгаа болохоор л Чимгээ их жаргалтай байгаа юм байх, хөл муу өвчтэй том охиноо асарч харж байгаа, сургуульд орсон бага охиноо өдөр бүр хүргэж, орой бүр сургуулиас нь авдаг нь, мөн удахгүй өвчтэй том охиноо аваад эмнэлэгт хэвтэх энэ тэр бол тэр хүнд огт хамаагүй юм байна л даа.
Хөл муутай охиноо эмнэлэг хүргэх гээд тэр өөрөө өргөөд дийлэхгүй, тэгээд хүн гуйж охиноо өргүүлж эмнэлэг явдаг билээ.  Охиноо бие нь өвдөөд байхаар эмнэлэгт аваачиж үзүүлэх хэрэг байнга л Чимгээд гардаг билээ.
Сүүлдээ нөхрийнхөө зан араншингаас болоод хүнээс ч тусламж авч охиноо өргүүлж ч болохгүй боллоо.
Өөрөө хөдөө хол ажиллаж байгаа хүн, өөрөө ирээд охиноо өргөөд явахгүй байж, хүнээс тусламж авлаа гээд нөхөр нь утсаар уурлаад, дарамлаад байдаг билээ.
Би ямар азгүй юм бэ гэж бодоод Чимгээ шөнөжин уйлаад л байлаа.
Чимгээ үзсэн жүжигээ дахиад л бодлоо.
Гамлет жүжиг ч гэсэндээ, үнэндээ заавал тэгж хүндээр төгсгөх хэрэг байсан ч юм уу, үгүй ч юм уу.
Гэхдээ Хаан эцгийнхээ өшөөг авах нь зүй ёсны, зөв хэрэг байсан байх л даа ... гэхдээ л...
Гэхдээ Гамлет бас улс орныхоо эрх ашигийг бодох хэрэгтэй байсан юм. Магадгүй эхлээд тэр Ванг айж сандарч байхад нь алаад өөрөө Хаан ширээнд суухгүй...
Мань хүнийг илүү зовоож, бах таваа хангах гэж бодсоноосоо болоод хайртай хүүхэнээ ч үхүүлээд, дараа нь өөрийгөө ч мөн үхүүлээд....
Тэгээд улс ороноо харийн болон дотоодын дайсануудад найр тавьж өгсөн нь дэндүү эмгэнэлтэй байлаа.
Чимгээгийн бодлоор бол өшөө авах уур хилэн, алсыг харах ухаан хоёр өөр өөрийн гэсэн хувь тэнцүү  жортой байх ёстой юм шигээ.
Чихэр, давс хоёр хэмжээ нь таарвал сайхан, хэтэрвэл нэг бол хэт нялуун болдог эсвэл хэт гашуун болдогтой адил юм даа гэж Чимгээгийн бодол хөвөрсөөр...
Нөхөртөө хүүхэдтэй болсоноо одоо хүртэл хэлж чадаагүйдээ, өөртэй уур хүрнэ. Ганц хүний цалин хаана ч хүрэхгүй байна, дээр нь том охин нь өвчтэй, эмчилгээнд нь мөнгө хэрэгтэй гээд дандаа үглэж байдаг нөхөртэй энэ тухай хэлж чадалгүй байсаар энэ.
Байсаар гэж дээ, үнэндээ нөхөрөөсөө айгаад гэвэл илүү дээр байх.
Аргаа барахдаа нэг сайн гэсэн бөө дээр очиж асуухад, хоёр охинд чинь түшиг болох хүү гарах юм байна гэж хэлжээ.
Амьдрал нь дутуу гачуу, том охин нь өвчтэй ийм хүнд үед дахиад хүүхэдтэй болно гэдэг хүнд даваа санагдана. Гэтэл олдсон үрээ авахуулна гэж бодохоор өөрийнх нь санаанд буудаггүй.  Хүүхэдээ алсан алуурчин болох нь гэдэгтээ уур хүрээд л...
Хүүхэдээ нэг гаргана гэж бодоод, нэг болилоо гэж бодоод л...
Гол нь аль шийдвэр нь маань зөв юм бол гэж бодоод л...Чимгээ шийдэж чадахгүй байлаа.
Өнөөдөр мэдсэн юм шиг том эгч нь Солонгосоос ярихад Чимгээ ойрд баярлаагүйгээрээ баярлажээ. Эгчдээ хүүхэд олоод сар гаран болсон, гэхдээ гаргах эсэхээ шийдэж чаддаггүй гэж хэлэхэд эгч нь шууд түс тас хүнд хүн илүүдэхгүй ээ, хүн чинь өөрөө хүнстэйгээ ирдэг юм гэсэн.
Эгч нь угийн л ийм түс тас хүн.
Том эгч нь амьралд яг хэрэгтэй үед нь гэнэт ярьдаг билээ. Тэр эгчтэйгээ тийм далдын холбоотой юм уу, бүү мэд. 
Чимгээ хүнд хэцүү үед том эгчээ бодохоор дандаа тийм нөмөр түшиг бодогддог билээ.
Айлын том эгч гэсэндээ ээждээ тус нэмэр болох, гурван дүү нарынхаа төлөө Солонгост ажил хийгээд арваад жил болж байгаа билээ.
Намайг жаахан ч гэсэн аз жаргалтай болгож, амьдралд минь гэрэл гэгээ оруулж, ирээдүйг минь гийгүүлж, итгэл найдвар төрүүлдэг зүйлсийн нэг нь том эгч маань юм даа гэж тэр бодлоо.
Би нээрээ нэг ардаа түшлэгтэй сандалд тухтай шигдээд уйлж байгаа гэдгээ мэдрэх юм. Тэгж бодохоор их хурдан тайвширах юм.
Би ийм сайхан түшигтэй, том эгчтэй үнэхээр азтай хүн шүү.
Эгч маань нь дүүгээ зовж байгааг харж мэдэж л, дуулж л байгаа. Өөрөө ч хүний нутагт ажиллаж байгаа хүнд зовлон бэрхшээл их л байдаг биз, гэхдээ эгч маань нэг ч удаа би зовж байна, ядарч байна гэж хэлж байсаныг нь мэдэхгүй юм.
Гэтэл нөхөр нь эр хүн байж, ганцаараа ажил хийж байна, зовлоо, хатлаа гээд л, эр хүний шинжгүй шүү. Ядахдаа том эгчээс маань нь ичмээр юм даа.
Чимгээ шөнөжин уйлсан ч гэсэн, хурдан тайвширлаа. Хаа очиж сэтгэлийн хаттай ажээ.
Тэр нэг л юм мэдэж байлаа. Би давж чадна, энэ бол цаг хугацааны, түр зуурын л асуудал. Удахгүй охин минь хөл дээрээ босно.
Би ажилд орно. Санхүүгийн хувьд нөхөрийн царай харахааргүй болно. Охины минь хөл дахиж хугарахгүй ч юм бил үү.
Харин энэ гэдсэн дэхь хүүхэдээ яах билээ...
За болно болно, бүх л юм сайнаар дуусах нь бий.
Болно гэдэгт би итгэж байна, би чадна аа... Том эгч гэсэн том тулгуур надад байна даа.
Ийм том түшиг, тулгууртай би азтай шүү. Энэ бол олон хүнд тохиолддоггүй их аз завшаан шүү.
Чимгээ дахиад л Гамлет жүжигээ бодлоо.
Үнэндээ мундаг жүжиг байна лээ...Гэхдээ эмгэнэлт нэрэндээ таарсан дэндүү эмгэнэлтэй...бас харамсмаар...
Үнэндээ нэг буруу шийдвэр хичнээн их хор хөнөөлийг араасаа дагуулдагыг, улмаар оороо ч нөгөө өшөө авах гэж байгаа хүнээсээ дутахааргүй аюултай муу хүн болж хувирдагийг дэндүү сайн харуулсан байна лээ...
Хүмүүс бид чинь бас л тэгж амьдардаг даа, тиймээ...гэсэн бодол Чимгээд орж ирлээ.
Нээрээ Нараа найзаасаа жүжиг түүнд ямар сэтгэгдэл төрүүлсэнийг асуухаа мартсан байна шүү. Марталгүй, ойрын үед асуух юм шүү.
Найз маань лав гутраагүй байх, гутрах биш эмгэнэх, ухаарал авах жүжиг биз дээ, Гамлет жүжиг чинь?

No comments:

Post a Comment