Ш.Гүрбазар





Товч намтар
1955 онд Дорноговь аймгийн Их хэт суманд төрсөн. 1977 онд УБИС төгссөн. 1970 оноос зохиол бүтээлээ эхэлсэн. 1993 онд "Сэрүүн зүүд" "Шөнийн сүүдэр" жүжгийн зохиолоороо МЗЭ - ийн шагнал, 2004 онд "Аотан өд" шагнал, 2005 онд СГЗ цол авсан 



Ш.Гүрбазар: Би Монголоороо гоёдог

Хөх Азийн цээжин дээр ирж буцахын учир
Хүмүүний алтан заяа энд байхын учир
Туурайн тамгатай хөрсөн дээр
Унагатай хамт тэнцэж хөлд орохын учир
Тунгалаг шандны толиог
Хулантай хамт булаалдаж рашаан амсахын учир
Би Монголдоо мэндэлсэн
Газар тэнгэрийн савслагад гайхуулан байж
Ганц яваа насаараа би Монголоороо гоёно

Би
Хөхөөтэй зуны цэцгийн алаг шүүдрээр хөлөө гоёдог
Хүрэн толгойн сүүдрийн айзам жавхаагаар нь хоолойгоо гоёдог
Зэрэглээтсэн талын бараан нүүдлээр харцаа гоёдог
Зээгэлсэн шар толгодын алтан хормойгоор хаяагаа гоёдог

Би Монголоороо гоёдог
Айрганд нь ардын дуу иссэн хөхүүрээр нь ханаа гоёдог
Аяганд нь үдийн нар далбилзсан өвгөдөөрөө хоймроо гоёдог
Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд ашдын билгээр гоёдог
Намрын дунд сарын арван долоонд амрагийн харцаар гоёдог

Би Монголоороо гоёдог
Ширгэшгүй Хэрлэнгийнхээ усыг нар зөв бүсэлж гоёдог
Шилгэшгүй нутгийнхаа уулсыг нас зөв түшиж гоёдог

Би Монголоороо гоёдог
Морьд эргэсэн наадмын дурдан тоосоор нь дээлээ гоёдог
Монгол гэсэн зургаан үсэгтэй бурхан нэрээр нь дэлхийд гоёдог

Би Монголоороо гоёдог
Алган дотор хавчигийн цагаан чулуу алгаараа ташчихад
Ангаахай гардаг болов уу гэж томоогүй насаа үнэмшиж
Аргал түүхдээ хүртэл саврын хумснаас өмөөрөн
Алтан ширээгийнхээ чулууг шувууны амиар хайрласан
Аргалын чинээ уул байлаа ч зулайд нь хүргэж залбирна аа Эх орон минь
Алгын чинээ нутагтай гэвч заяа минь гэж тайтгарна Эх орон минь

Буйран чинээхэн уулс байвал сөхөрч суугаад жаргана
Бүрэн эрхт Монгол минь байхад сүүгээ өргөөд залбирна аа
Эх нутгийнхаа хүйтэн бороонд ч дулаацсан
Дулаацсан биенээс минь хийморь савссан
Савссан омгийн нүцгэн мананд
Сая тэнцсэн унага Монголоо эрнэ

Би ямар дэлхийн чинээ бодлоо гээд
Газрын дайтай наслах биш
Би ямар дээлтэй цахиур шиг явлаа гээд
Галын хэртэй дүрэлзэх биш дээ

Би ямар энэрлээ энэрлээ гээд
Энэ орчлонг уяхан болгох биш
Би ямар эргэлээ эргэлээ гээд
Ээжээсээ дахиад төрөх бишдээ

Би ямар үнэн худлын ард
Сүүлчийн цэгээ хатгах биш
Би ямар үүлтэй нартай хорвоод
Сүүдрээ гатлаж чатах биш дээ

Гэхдээ би агтны мөртэй Монголдоо
Амгаан чимээ шиг ойрхон явах юмсан гэж боддог юм аа
Амьдрахын жамтай насандаа амьсгалахын зайтай
Үнэн явах юмсан гэж хичээдэг юм аа Эх орон минь

Би Монголоороо гоёдог
Би Монголоороо гоёдог 

Ижий танаа 

Ээж минь та хүүдээ гомдоогүй биз дээ 
Хүү чинь уул өргөж таныхаа ачийг хариулах 
Урт холын бодлын тэнд дараатай л яваа шүү дээ
Ээжээ үүрээс нойрыг чинь харамлахдаа өрхөндөө түрүүлж
Үдшийн галаас хацрыг чинь өмөөрөхдөө тулгандаа урьтаж
Гадаа гэртийн хооронд 
Гарын хариу баривал болж л байна л даа ээжээ
Гэлээ ч ижий минь та
Гарынхаа дэргэд гар
Нүднийхээ дэргэд нүд байлгах гэж
Намайг төрүүлээгүй болохоор
Ухаанаасаа ухаан төрүүлсэн болохоор
Урт холын бодол минь
Тулганы захаас хол байдаг юм шүү ээжээ Ээжээ та хүүдээ гомдоогүй биз
Хүү чинь уул өргөж таныгаа ачийг хариулах
Урт холын бодлын тэнд дараатай л яваа шүү
Нэг л өдөр зай чинь ханхайж
Нэгний өглөө хацар эзгүйрнэ гэж
Бодож чаддаггүйдээ
Үрийнхээ нүдэнд их өтөлж
Үлгэсэн мээмээ ширгэсэн гэж бодож чаддаггүйдээ
Буянтай таныхаа ачийг би
Буцах гийчний бэлгийн хариу шиг яараагүйдээ алдаж мэдэх юм
Гэлээ ч миний намхан ижий та 
Хүүдээ битгий гомдоорой
Хүү чинь уул өргөж таныхаа ачийг хариулах
Урт холын бодлын тэнд дараатай яваа шүү
Ээжээ та хүүдээ гомдоогүй биз дээ
Хайртай ээж таныгаа би мөнхийн мөнхөд хайрлая
Будан суухаас нь өмнө тэнгэрээ аргадая
Буурал нөмөрхөөс нь өмнө ижийгээ хайрлая
Мөчөө тэнцүүлж өндийн хөлд орхын цагт
Мөөмөнд нь байсан сүү сэтгэлд нь шингэдэг ижий минь
Мөрөө цувуулж тамгалан хүн болхын цагт
Сэтгэлд нь багтаагүй сүү санчиганд нь гэрэлтдэг ижий минь ээ
Би боддог юм зүүн уулын солонго нь баруунаа татсан ч яахав
Зүүдлээд сэрхэд ижий минь дэргэд минь л байвал жаргалтай гэж
Би хүсдэг юм өдөр өдрийн аашинд нь уйлж дуулах минь ч яахав
Өмөлзсөн хушуугаа би ижийдээ үнсүүлжил байвал жаргалтай гэж
Би мөрөөддөг юм дутуутай хатуутай хорвоод нь 
Бүтэн жаргаагүй ч яахавдээ
Дууны мөнхийн эхлэл шиг миний ижий 
Дэргэд минь л байвал жаргалтай гэж би залбирдаг юм
Үүдэн гурван сараас нь нэг нь дутсан ч яахав дээ
Үлгэрийн төгсгөл шиг миний ижий 
Үрдээ харагдаж байвал жаргалтай гэж 
Би ижийнхээ тухай дуулж ижийнхээ тухай шүлгэлж 
Тэнгэр мэт бурхан мэт ижий таньдаа 
Дуун мөргөлөө өргөж байна ижий минь ээ 

Орчлонгийн дутуу 

Орчлонгийн дутуу гэдэг ганцхан юманд л байх юм даа 
Аавдаа би эрхэлдэг байсан 
Аавдаа би эрхлэхдээ 
Алтан гадасны од аргамжааг буулгаж 
Зээрийн шагайгаа холбоё гэж 
Аадрын сүүлчийн солонго барьж 
Шилбүүрийн үзүүртээ уяя гэж 
Үлгэр дуустал үүр цайлгахгүй гэж 
Өлөн шүүдрийг өдөр өнжөөе гэж 
Эрхэлдэг байсан элдэвлэдэг байсан

Ээждээ би эрхэлдэг байсан Ээждээ би эрхлэхдээ 
Өлзийт булгийн халгайны 
Өргөс болгоныг түүлгэе гэж 
Өвдөг шалбалсан чулууны 
Өөрийнх нь уйлахыг үзье гэж 
Намайг өсгөсөн өвөөгөө 
Холоо явахад нь авчирна гэж 
Намрын шувууг буцаахгүй гэж 
Нуурын хөвөөнд тоглоно гэж 
Ээждээ би эрхэлдэг байсан 

Одоо тэгэхнээ 

Алтан гадасны од 
Аргамжааг буулгахаар
Аав минь явчихсан юм биш байгаадаа 
Алга байна 

Өлзийт булгийн халгайны 
Өргөс болгоныг түүх гээд 
Ижий минь ирээгүй юм биш байгаа даа
Эзгүй байна 

Мөнх бусын орчлонгийн дутууг бүтэн болгох гээд 
Миний хоёр буурал одоо эзгүй байна 

Гунигийг март

Яасан, гуниглаад л байна уу чи
Наашаа суу
Сэтгэл эмзэглэн гуниж явах үедээ хүн 
Сэргэлэн золбоотой бай гэж өөртөө хэлж чаддаггүй юм
Ийм цагт сайн хүн олон л доо
Инээхээ мартсан юм шиг царайдаа хайр өвөрлөсөн хүн зөндөөн л дөө 
Гэхдээ
Буруугүй хүнд бодол зөөлрөн уярч суулаа ч 
Бусдын үрд дурлаж болдоггүй шиг хэцүү байдаг юм 
Шалтгаангүй хэн нэгэн чамайг аргадвал
Шаналал чинь зовлон болж хувирдаг юм 
Өрөвдүүлэх чинь аргадуулахаас хэцүү 
Өөртөө гомдох чинь улам ихэснэ гээч 
Зүрх хөндүүрлэтэл гомдоосон хэн нэгэн нь 
Зөрөөд өнгөрөх агшнаа ч болов уярч харахад 
Ээждээ айлгасан хүүхэд шиг дотроо жаахан уйлчихаад 
Эргээд цаашаа алхахдаа өөрийгөө харин шоолдог юм даа
Тайтгараач
Алдаа гэдэг чинь 
Зөвийгөө олтол төөрөлддөг 
Зөөлөн буруу хойно 
Анд минь чинийхээ хазгай гишгэсний тоог 
Би мөшгөхгүй 

Үгний түрүүч бүлээн байна гээд ерөөл биш 
Зүсний үзэгдэх сайхан гээд санаа биш 
Тэнэж хэлсэн үгэндээ тэнэг алдаршдаг юм 
Тэмцэж яваад ялахдаа ялтан болох ч байдаг юм
Үг дагаж үнэнд хүрнэ гэдэг чинь 
Үүл дагаж газар баримжаалахтай адил 
Хүн дуурайж сайн явна гэдэг 
Хүйтэн чулууг булганд нь эндүүрэхтэй ижил 
Бод л доо чи 
Жаргадаг газраас нь мандааж бод 
Жаргалтай хүнийг зовлонтойд бод 
Зуны цэцгийг өвөл ургуулж бод 
Зурамны нүхэнд үнэг багтааж бод 
Алдаа гэдэг чинь 
Зөвийгөө олтол төөрөлддөг 
Зөөлөн буруу хойно 
Анд минь чинийхээ хазгай гишгэсний тоог 
Би мөшгөхгүй 

Бод л доо найзаа, бодооч 
Нарны саам амсах заяа минь хаяагүй цагт 
Намайг гудайхыг бурхан ч үзэхгүй гэж бодооч 

Пролог 

Гадаа нартай бороо орж байна
Бүүдгэр тэнгэрийн доор 
Надруу асгардаг 
Олон олон бодролоо би амьхандаа
Шүлэг болгон тэмдэглэдэг юм
Гэнтхэн би яагаад ч юм өнөөдөр
Өөрийнхөө бодсон бодол
Гэгэлзсэн үнэнээ таньтай хуваалцмаар санагдлаа
Сэтгэлээ хүмүүстэй хуваалцахад буруу юу байхав дээ
Та шүлгүүдийг минь уншаад битгий шоолоорой битгий магтаарай
Харин Гүрээ зөвхөн надад үнэнээ дэлгэж байна шүү гэж бодоорой
Урлаж эвлүүлхэд дутуудаа хүцэл өчхөөс биш
Уяр ч догдолсон бодролоо дэлгэхээс ичээд ч яах билээ дээ
Гадаа нартай бороо орж байна
За ингээд би таньд шүлгээ зориулая та бид хоёр
Хоёулахнаа байгаа шүү!!!

No comments:

Post a Comment