Tuesday, January 8, 2013

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ


ТАЙЗНЫ ЗАСАЛ
Хөдөө газар зүүн, баруун хоёр хажууд нэжгээд уул, зүүн талынх нь хадтай уудам, баруун талынх нь модтой бэрх, баруун талын уулын бэлд нэг хайлаас мод, түүний хажууд бараг тайзны гол чигт нэг том чулуу, тайзны ар талд нэг урт уул, түүний дор нэгэн бяцхан нуур ба нуурт нэг булаг урсан байна.
ХӨГЖИМ НЬ
Хуур, лимбэ, хуучир, шанз энэ дөрөв ээлжилнэ. Хөгжимч уулын хөндий дотор нуугдан суух бөгөөд ая нь Алим гэдэг амттай, Аргагүй амраг, Гунан хар, Торой банди, Юндэн Гөөгөө, Хаврын сар зэрэг хуучны ая болно.
ДУУ НЬ
Шүлэг бүгдийг дуулах тул наадагчид сайнаар зэрэг дэвийг алдахгүй цээжилсэн байваас зохино. Хэрэв цээжилж чадахгүйд хүрвэл өөр дууч хүмүүс нуун сууж уншин зүгээр буюу радиогоор дуулсугай. Яаралгүй бөгөөд тод дуулбал зохино. Дуулах шүлэг бүрийд хөдөлгөөн янзыг зөөлнөөр гахгах хэрэгтэй.
НЭГДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ
Жүжиг эхлэхэд хуурын уянгат дуу гарч байх ба хөшиг нээгдмэгц дуу эхлэх бөгөөд Юндэн өнөөх чулууг түшин сууж, Нансалмаа Юндэнг налан хажуулж, Юндэн баруун гараар Нансалмаагийн зүүн гарыг барьж, харилцан их амраг байдалтай байна.
Юндэн Нансалмаагийн толгойг илэн байж дээгүүр уул усыг ажигласан янзтайгаар дуу эхлэхэд Нансалмаа хажуулдсан хэвээр түүний нүүр өөд ширтэн ажиглана.
Юндэн /зүүн уулын өөд харж/:
Ногоорон харагдах уул нь
Номин эрдэнийн уул аа
Ноён сайхан нуруунд нь
Хүүтэйгээ зугаалмаар уул аа
Хадтай өндөр уул нь
Хангай дэлхийн үзэсгэлэн
Хажууд суусан хүү минь
Ганцхан миний баясгалан
гэж дуулж төгсөхдөө Нансалмаа уруу харахад
Нансалмаа /цээжээ өндийж, ийш тийшээ бяцхан харж байгаад баруун уулыг ширтэж/:
Цэнхэрлэн харагдах уул нь
Чандмань эрдэнийн уул аа
Цэцэрлэг сайхан ойд нь
Чамтайгаа цэнгэмээр уул аа
Модтой сайхан уул нь
Монгол газрын чимэг ээ
Ерөөлтөй учирсан хүү минь
Ёстой миний амраг аа
гэж дуулж барахад
Юндэн /бяцхан инээмсэглэж Нансалмааг хөдөлгөн мөрөн дээр нь гараа тавьж ганц модыг харан/:
Хайлаас модны мөчир дээр
Харцага шувуу жиргэж байна
Ханилсан бил хоёр
Хамтрахын үгээн ярих уу даа
Уул ус нь тэгш бол,
Жигүүртэн донгодох нь яруу
Уг сэтгэл нэг бол,
Үг хэл найрамдуу
гэж дуулж Нансалмаа уруу харахад
Нансалмаа /нилээд ичсэн байдал гарган/ :
Зөөлөн салхи найгахад
Цэцэг навч ганхана
Цээжин джх үгээ хэлээч ээ
Чихэнд аятай боловуу даа
Усанд живэх загас нь
Урсгалыг даган давхина
Урамтай үгээ хэлээч ээ
Угтаж хүлээн авья /гэтэл/
Юндэн /суниаж, Нансалмааг тэврэх шиг болоод/:
Сэтгэлийн амраг гэч нь
Шижир алтнаас үнэтэй юм
Шилж түүнийг авах нь
Хямдгүй хэрэг дээ /гэж дуулмагц/
Нансалмаа, /Юндэнгийн толгойг илж/:
Үнэн сэтгэл гэгч нь
Энэхүү ертөнцөд ховор юм
Учирч түүнийг олох нь
Орчлонгийн дээр чухаг юм
Юндэн /хааяа уул ус уруу, хааяа Нансалмаа уруу харж/:
Эргэн тойрон уулууд
Үзэсгэлэнтэй сайхан газар аа
Өөрийн гэр ээ бариач ээ
Өрхний чинь оосрыг татъя
Ижил хоёр шувуу нь
Эелдэг дуугаа таньдаг юм
Эртхэн нийлж суугаад
Ангиршувуу шиг явъя
гэж дуулж барсны хойно, хоёул бие бие уруугаа харалцан их л бахтай янаг байдлыг гарган байх бөгөөд
Юндэн / Нансалмаагийн гарыг барьж/:
Аав ээжид чинь хэлэх үү дээ
Ах дүү чинь юу гэх бол
Аян жинд явж
Авах юмаа төхөөрөх үү дээ
Нансалмаа /баяртай царай гарган/:
Төрөл садан ч яах вэ дээ
Дуртай дургүй ч ялгалгүй
Чиглэсэн санаа чам дээр юм
Тэртэй тэргүй дагана даа
Юндэн / Нансалмаагийн зүг ширтэн/:
Эцэг эхдээ хэлье дээ
Өмч хөрөнгөө авъя даа
Хот газар очъё доо
Хуримын юмаа бэлтгэе дээ
Нансалмаа /Юндэнг таалж/:
Гэр орноо төхөөр дөө
Гэргий авах аа боддоо
Хэтийн газар яв л даа
Хэрэглэх юм аа авчир даа
Юндэн /Нансалмаа уруу харж/:
Янагийн сэтгэл үнэнээр бол
Яагаад ч болсон нийлнэ дээ
Явж хурдан ирвэл дээ
Ямар ч юм саадгүйдээ
Нансалмаа /уярсан байдалтай/:
Амраг сэтгэл гэгч нь
Алж болдоггүй юм
Аяндаа түргэн явахыг
Өдөр шөнөгүй хүлээе
гэж дуулсны дараа дуу бяцхан завсарлан, бие биесийг таалан янаглалцсан байдалтай байх бөгөөд
Юндэн /Нансалмаагийн гарыг өвөр дээрээ тавьж/:
Хайртай сэтгэл чиний тул
Хариад бушуухан ирье
Хамаг яриа тогтов
Гарахаас өмнө уулзъя /гэж дуулж босоход/
Нансалмаа /Юндэн уруу харж/:
Миний сэтгэл чамайг гэсэн юм
Маргааш энд хүлээе
Морио унаж гараад
Намайг дайрч уулзана уу
гэж дуулж, мөн босох бөгөөд Юндэн баруун тийш, Нансалмаа зүүн тийш одно /Гэрэл унтарна, Бяцхан завсарлана/
Гэрэл дахин ноцоход Нансалмаа /мөнхүү чулууг түшин сууж, Юндэнг хүлээсэн янзтай байх бөгөөд/ Юндэн нөгөө талаас гарч ирнэ. Ирэхдээ богц юмыг барьж аянд явахыг шийдсэн байдалтай гарч ирнэ.
Нансалмаа /Юндэнг харж/:
Амраг хүү минь ирэв үү дээ
Аяндаа явах нь энэ үү дээ
Аяарлан үдэж гаргахад
Алаг нүд минь мэлмэрнэ
Юндэн /ирэх замдаа/:
Хонгор хүү минь хүлээж байна уу
Хул морио сойгоод ирлээ
Хэдэн үгээ солиод
Хэтийн газар явъя даа
гэж дуулж, Нансалмаагийн дэргэд сууна. Гэтэл
Нансалмаа / Юндэнгийн богцыг түшиж/:
Хуримын юмыг төхөөрөхөд чинь
Хувьдаа баярлан яарна
Хот газар очиход чинь
Хоцроход хэцүү байна шүү дээ
Юндэн /Нансалмаагийн ханцуйнаас татаж/:
Нийлж суухаа бодъё доо
Нэг хоёр сар шүү дээ
Намайгаа бодоод хүлээ дээ
Чамайгаа бодоод явъя даа
гэж дуулсны дараагаар
Нансалмаа /нэг аяганы алчуурыг гаргаж Юндэнд өгөн/:
Аяндаа мэнд яваарай
Алсаас хурдан ирээрэй
Алаглаж оёсон алчуурт
Аягаа хийгээд зүүгээрэй
Зүйгээд нийлүүлж оёхдоо
Зүрх сэтгэлээ барсан юм
Зүү хатгах бүрдээ
Зөвхөн чамайг бодсон юм
Юндэн /алчуурыг авч/:
Мөшгөөд чимсэн алчууранд чинь
Мөнгөн аягаахийе
Мөрөөдөж хүсэх сэтгэлдээ
Мөнх чамйгаа агуулъя
Хөх торгон алчууры чинь
Хондлой дээрээ зүүе
Холхи замын уртад
Хонгор хүүгээ бодъё
Нансалмаа /бас дахин Юндэнг ширтэж/:
Угалзлан эсгэж хийхдээ
Ур гараа гаргасан юм
Утас татах бүрдээ
Учирсан чамайг санасан юм
Эрээлээд оёсон алчуурыг
Эндэж битгий гээгээрэй
Эргүүлж үзэх бүрдээ
Энэхэн намайгаа бодоорой
Юндэн / өнөөх алчууранд аягаа хийж/
Урлаад оёсон алчууры чинь
Ууцан дээрээ зүүе
Үзэх харах бүрдээ
Энхрий чамайг дурсана
Шаглаад оёсон алчууры чинь
Сайхан авч явъя аа
Санаа сэтгэл хоёрыг
Түүний дотор хадгалъя
гэж дуулж, аяганы алчуурыг бүсэндээ хавчуулах бөгөөд босоход
Нансалмаа /мөн босож/:
Замдаа сайн яваарай
Зүдэрч ядрах болов уу даа
Жирийлгэн хүрч ирэхий чинь
Зүүд нойрондоо хүлээе
Юндэн /Нансалмааг түшиж/:
Мэнд явалгүй яах вэ дээ
Идэр залуу байна шүү дээ
Миний захих үг нь
Янагаа сахиж суугаарай
Нансалмаа /Юндэнгийн богцыг авч өгөн/:
Өөрөө сайн яваарай
Өлсөж даарах болов уу даа
Үтэр түргэн ирэхий чинь
Өглөө үдэшгүй харуулдъя
Юндэн /Нансалмааг тэвэрч/:
Уул өндөр боловч
Үүл нүүхийг хорихгүй
Газар хол боловч
Хоёр сэтгэлийг халхлахгүй
Нансалмаа /бцхан нулимс унагаан, алчуураа гарган нүдээ арчиж/
Хойшоо зовох аргагүй
Хурдан ирэх хэрэгтэй
Хүрч ирсний дараа чинь
Хоёулаа нийлэн сууя
Юндэн /Нансалмаагийн алчуурыг авч аргадан/:
Алсын замдаа зүглэе дээ
Аль вэ хүүгээ үнсэе дээ
Амраг гэдэг нь хэцүү юм
Алчуур дүүрэн нулимстай
гэж дуулж Нансалмааг үнсээд богцыг аван одно. Нансалмааг хойноос нь харуулдан зогсох бөгөөд Юндэнг далд ороход мөнхүү чулуун дээр суун нулимсаа арчин:
Хайртай сэтгэл зайгүй юм
Хагацах гэдэг нь хэцүү юм
Ханилсан хүү минь далд оров
Харуулдаад хоцрохоос яах вэ дээ
Дассан сэтгэл гэдэг нь
Тасдаж болдоггүй гинж юм
Дахиж хэзээ уулзнам
Дагаад яьах ч юмсан уу
Хос алаг нүдэнд минь
Хонгор хүү минь үзэгдэхгүй
Хонгороосоо салсан зүрх минь
Хойноос тэмүүлэн гарах нь
гэж дуулж байгаад муужран унасан мэт болон толгойгоо тэврэн мөнхүү чулууг дэрлэж, доош харан чимээгүй сууна.
Энэ үед дундад уулын дээгүүр Балган гарч ирэх бөгөөд буугаа барьж гөрөөс эрсэн байдлаар ийш тийш ажиглан явж ийнхүү дуулна:
Арын өндөр уул нь
Асар сайхан уул аа
Араатан гөрөөс сүрэглэж
Агнхад бахтай уул аа
Өсөх бага наснаасаа
Өөрийн дураар явлаа даа
Хурдан морийг унаж
Хурц зэвсгийг барилаа даа
Бага залуу нас минь
Бадарч байгаа цаг л даа
Баатар эрэлхэг чадал минь
Барс чоноос ч буцахгүй
гэж ийш тийш ажиглан байгаад дахин ингэж дуулна:
Үнэг чоно олон сон
Өдөр бүгд антай сан
Өглөө эрт гарсансан
Өнөө яасан өдөр вэ
Гөрөөс мөрөөс ч үзэгдэхгүй
Хүрнэ, зурам ч дайралдахгүй
Хөлийн гарз болсон
Хаашаа уйтгартай өдөр вэ
Бүхэл өдөр яваад
Буу дуугаргалгүй буц юу
Булай ёр байгаа даа
Бургаас мургаасыг буудъя уу
гэж дуулж, баруун уулын бэл дэх хайлаас уруу буудахад чулуу түшин хэвтсэн Нансалмаа цочин өндийхөд Балган харж /дахин буудахыг завдсанаа байж/:
Араатан гөрөөс босов уу
Аль вэ хүн юм уу даа
Эзгүй хээр газар
Элэнцэг нь энд байдаг юм бэ
гэж дуулж Нансалмаагийн зүг очиход Нансалмаа айнсан байдалтай зогсон хүлээж байх бөгөөд Балган Нансалмааг ширтэн инээж ийн дуулна:
Хүн явдаггүйй газар
Хаанаас байгаа хүүхэн бэ
Гуа үзэсгэлэнг үзвэл
Хурмаст тэнгэрийн дагина уу
Урьд үзээгүй бүсгүй
Огторгуй тэнгэрээс заяав уу
Өв тэгш сайхны чинь үзвэл
Уул усны хувилгаан уу
Уулын гөрөөс олдохгүйд
Урамгүй явсан юмсан
Зол заяа ирэхэд
Лус охиноо хайрлав уу
Нансалмаа /Балганы өмнөөс их харж/:
Эрхэм залуу баатар
Эндэж ташаарч байна уу даа
Энгийн нэг бүсгүй
Энд явахад яадаг юм бэ
Гөрөөчин анчин эрхэм минь
Хөндөлдөж зогсоод хэрэггүй
Хөдөөний нэг хүүхэн байна
Гөрөөс ангаа эр л дээ
Яасан егөөтөй хар хүн бэ
Ядуу бүсгүйг үзээгүй юу
Ямар учир тоглоном
Явдаг замаараа яв л даа
гэж дуулж, шууд явах гэхэд
Балган /замыг хөндөлдөж зогсон/
Нар шиг гэрэлтэй охиноо
Намайг юунд тэнсэнэм
Эртний хувь зохиолоор
Энд учрах ерөөл байжээ
Тэнгэр бурхан илгээсэн биз
Дээд орны дагина биз
Өчүүхэн намайг тоохгүй нь үү
Орхиод хаашаа явнам
Сар шиг гэрэлд чинь гялбаж байна
Сайхан өнгөнд чинь дурлаж байна
Саатаж энд сууж
Санаа сэтгэлийг хангана уу
гэж дуулж Нансалмаагийн тохой дээрээс татахад
Нансалмаа /уурласан байдал гарган/:
Эрэлхэг баатрыг чинь үзвэл
Эрхэм дээд хүн шиг
Ичгүүргүй аашийг чинь үзвэл
Эргүү мунхаг адгуус шиг
Айл аймгийн ах дүү бол
Ааш зангаа татна уу даа
Уул талын оргодол бол
Алс замаа хөөнө үү дээ
Харах царайгий чинь үзвэл
Хад уулын хулгайч шиг
Чамаас би айж байна
Тавьж хурдан явуул
гэж дуулж бармагц, гарыг алдуулан гэнэт зугтаахад
Балган /ухасхийн, Нансалмааг барьж аваад, ихэд чанга инээж/:
Ахынхаа гарын дор чи
Оготно хулганатай адил шүү
Ангүй өнөө явсан биш
Аваад чамайг явна даа
Бага жаахан охин чи
Балганы гараас гарахгүй
Гэртээ чамайг аваачаад
Гэргий болгож сууна даа
Эд хөрөнгө ч элбэг бий
Эхнэр авахыг эрсэн юм
Эеэр эс болбол
Эзний зарлигт хүргэнэ
гэж /Нансалмааг чирч зүүн уул уруу явна/
Нансалмаа /уйлах бөгөөд зүүн уулын хажууд Балганы гараас мултарч чадахгүй байх бөгөөд/:
Хүний арьс нөмөрсөн
Хээрийн галзуу чоно чи
Хүзүү толгой үргэлж байхад
Чи намайг боолчлохгүй
Омог зан чинь хэцүү ч
Ойртуулж намайг чадахгүй
Хэлэлцээ сүйтэй нөхөр бий
Хэчнээн оролдовч тусгүй
Зэвхий царайгий чинь харахад
Зэрлэг араатан шиг үзэгдэнэ
Чиний чадал их ч
Миний зориг хатуу
гэж дуулж Нансалмаа зүтгэн зайлъя гэвч Балган тавихгүй зууралдан байх үес зүүн уулын дээгүүр Хоролмаа гарч ирэх бөгөөд тэр хоёрыг хармагц, сэмээр гэтэн ойртоод “Балган яаж байгаа юм бэ” гэж чанга дуугарахад Балган цочин харж айсан мэт болон Нансалмааг орхиж уулын чанад уруу орж нуугдана. Нансалмаа, Хоролмаа уруу нэг хараад доош харан дуугүй сууна.
Хоролмаа /Нансалмаагийн дэргэд хүрч ирээд ийн дуулна/:
Хар хүнээ гаргаж өгөв үү
Харих замдаа завхайрч байна уу чи
Амраг гэсэн чинь аль вэ
Амны хоосон үг үү дээ
Өөрийн эрээ явуулаад
Хүний эрийг эргүүлнэ үү
Ичгүүр сонжуураа алдсан
Яасан муухай амьтан бэ
Хоёр нийлсэн амраг гэсэн
Худал юм байж л дээ
Юндэнгээ хүрч ирэхэд
Нүүрий нь яаж харах вэ
гэж дуулаад /ичиж байна уу чи –нүүртээ илэг наалгана уу/ хэмээн Нансалмаагийн толгойг өргөхөд
Нансалмаа /уурлан нударч аваад ийн дуулна/:
Зэрлэг чонотой таарсан
Золбин гичий ирэв үү чи
Зальхай Балганаа аваад
Зайлж түргэн өгөөч
Баавгай гөрөөс шиг Балган
Балмад хүүхэн тэ хоёр
Арийн нэрий минь бузарлаж
Алд биеийг минь зовооно уу
Үхэвч журамтай үхнэ
Өшөөлөөд та нар чадахгүй
Өлөгчин муусайн нохойнууд
Үтэр түргэн тонил
гэж Хоролмааг түлхэхэд Хоролмаа “Айсан хүн айл эвдэнэ, ичсэн хүн хүн ална” гэж чи бас надад хүрнэ гэнээ гэж давшилж Нансалмааг татаж унагаахад Нансалмаа түүний хүчинд дийлэгдэн дуу алдан унахад Балган цаанаас гарч ирэн “Чи надад хамаагүй, миний эхнэрт чи юунд халднам” гэж Хоролмааг уулын хажуу уруу түлхэх бөгөөд энэ завсар Нансалмаа босон харайн явах гэтэл, Балган Нансалмаагийн гар дээрээс барьж аван “Чи одоо минийх болсон” гэж чанга хэлж хөтлөн уулнаас буух үед хөшиг хаана.
ХОЁРДУГААР ҮЗЭГДЭЛ
Хөшиг нээмэгц зүүн уулын энгэр дээр
Нансалмаа /нэг чулуу сандайлан сууж баруун ба хойд уулын тийш байн байн ширтэж холын бараа харсан янзтай болоод уярсан байдлаар гиюүрч, ийш тийш харан ийн дуулна/:
Өндөр уул дээрээс ширтэвч
Холын бараа харагдахгүй
Нулимстай нүд минь мэлмэрч
Янагийн үшрх минь тэмүүлнэ
Өдөр шөнөгүй хүлээвч
Сэтгэлийн хүү минь ирэхгүй
Учирч уулзахыг яарахад
Уушги, элэг минь догдолно
Болжмор шувуу ч болоосой
Хоёр жигүүр ч ургаасай
Хойноос нь нисэж очоод
Хамаг зовлонгоо тоочих юмсан
Хоёр сар ч шахлаа даа
Хонгор хүү ч яав даа
Хүний гарт орлоо шүү
Хурдан ирж аваасай
гэж дуулж, алчуур гаргаж нулимсаа арчин, бас өндийн ширтэж ийн дуулна:
Хүссэн хүү минь харагдахгүй
Хэзээ ирэх нь сураггүй
Хойноос нь явах чадалгүй
Хөөрхий би чинь яах билээ
Мангас махчин шиг хүн
Намайг авах гэж байна шүү
Снамсаргүй зовлонг
Санаанлгүй явна уу чи
Зальхай жигшүүртэй Балган
Цаг ямагт эргүүлдэнэ
Зовниж хүссэн Юндэн минь
Зүүдэнд эс үзэгдэнэ
Балмад араатан шиг Балган
Бас хүрээд ирэх болов уу
Оготно мэт би чинь одоо хайчих билээ дээ
гэж дуулаад нэг зэрэг санаа алдаж уруу харан:
Чонын аманд орсноос
Зуурдын замыг хөөмөөр
Чамтайгаа уулзалгүй үхэхэд
Даанч түвдэж чадахгүй
Уул ой дахь хэрэм нь
Анчин учрахаар бүлтэлзэнэ
Гачигдсан бүсгүй намайг
Ганцхан нулимс хөөрхийлнөм
/Дээш харж/
Намрын хонгор салхи нь
Найган ганхан салхилна
Насан бага би чинь
Түүний дотор гасална
Галуу шувуу хүртэл
Ганганаж гунгунаад буцаж байна
Хайрт амраг Юндэн минь
Харьж ирэхгүй яав
гэж дуулан гуниглан ийш тийш ажиглан байтал баруун ба хойд уулын завсраар Дамдин алгуураар сүүмэлзэн гарч ирэх холын барааг Нансалмаа хараад нилээд сэргэсэн байдалтай болж дээш босон:
Хоёр уулын хоорондох
Холын бараа юу вэ дээ
Юндэн миь үгүй болов уу
Яасан амархан явдаг юм бэ
Алтан замын дундах
Алсын бараа юу вэ дээ
Амраг хүү ирнэ үү
Адилхан ч юм шиг харагдана
гэж дуулаад малгай, дээлээ засан хөдөлж:
Малгайн орой нь адилхан байна
Магад хүү минь ирлээ шүү
Миний нар ч гарлаа шүү
Мэнд уулзахын ерөөл байжээ
гэж дуулаад урагш алхаж даллан:
Наашаа хурдан яваач
Нансалмаа чинь хүлээж байна
Намайг бушуухан аваач
Чамтайгаа түргэн харих юмсан
гэж дуулан тосож ойртоход Дамдин цаанаас бас ойртож ирэхийг Нансалмаа үзээд хараахан Юндэн бус мэт болоход цочих мэт болон урамгүйгээр ухран зогсоход Дамдин дэргэд нь ирж “Эр хүний заяа эзгүй хээр гэгчээр энэ бүсгүй чинь юу вэ? Чи юунд дуудав. Яаж яваа хүн бэ” гэхэд
Нансалмаа /айсан байдалтайгаар зогсож/
Би хүн андуураад дуудав
Хүрээнээс ирэх хүнийг хүлээсэн юм гэхэд
Дамдин /ихэд гайхсан байдалтайгаар ширвэн харж/:
Тэгвэл би хүрээнээс явна
Ямар хүнийг хүлээсэн юм бэ
Тэр хүн чинь хаа яваа юм бэ
Нансалмаа /сулхан/:
Хаа явааг мэдэхгүй
Манай нөхөр юм
Хүрээ ороод хоёр сар болж байна
Өнөө маргаашгүй ирэх болсон юм
Юндэн гэж нэг залуу хар хүн бий
Харин та тохиолдсонгүй биздээ
гэхэд Дамдин толгой дохиж: Юндэн гэнээ. Цэнд дарханаы Юндэн үү? гэхэд Нансалмаа сураг дуулах нь гэж баярласан янзтайгаар “Тийм тийм, уулзсан уу? Хаана явна вэ?” гэсэнд Дамдин муухай харж “Чи чинь Надмидын хүүхэн биз дээ? Балганы эхнэр болсон гэж дуудах ч билээ. Юндэнгээр яах гэсэн юм бэ? Тэр хаанаас мөд ирэх юм бэ?” гэж ширэв татан өөр үггүй шууд зүүн уулын араар орон одно.
Нансалмаа /хэрдхийн хоцорч, даруй мөнөөх чулууг түшин сууж, уйлан ийн дуулна/:
Холын барааг хараад
Хөлгүй баярлан гүйсэн минь
Харийн хүн болоод
Харин жигтэй яриатай
Сэжигтэй үг дуулбал
Сэр сэр бодогдоно
Саад тотгор тохиолдов уу
Санаа сэтгэл нь хувирав уу
Байсаар байсаар байгаад
Балганы эхнэр гэгднэм
Богтолж хэлэлцсэн хүү минь
Буцаж ирэхгүй болов уу
Талд хоцорсон янзага шиг
Тарчилж үхэх нь энэ дээ
Залуу бага насны минь
Заяа ерөөл яав
Гэртээ хариад яах вэ дээ
Хэнийг гэж очих вэ дээ
Харгис Балганд баригдсанаас
Хээр үхсэн нь дээр дээ
Амраг хүүтэйгээ нийлэх гэж
Уул жалганд тэнүүчилнэ
Авилгач этгээдэд учирснаас
Араатан гөрөөсөнд идүүлье
гэж дуулан явж зүүн уулын нэгэн жалганд муужран унана. Гэтэл
Юндэн /баруун уулын дээгүүр ирэх бөгөөд Нансалмааг эрсэн байдалтай ийн дуулна/:
Аянаас ирэхэд
Амраг хүү минь үгүй шүү
Ах дүүгээс асуувал
Алга болсон гэнэ шүү
Үхэж үрэгдсэн бол
Өөрийн нь хүүрийг үзэх юмсан
Хүнд дарлагдсан болбол
Хүч чадлаараа тэмцэх юмсан
Алаг нүдний нулимсаа
Арчин байж салсан юмсан
Ааш зан нь хувирсан бол
Арав таван үгийг солих юмсан
Холын газар явахад
Хүйтэн халуунд зүдэрсэн ч
Хурим найрыг хийгээд
Хүүтэйгээ жаргахыг бодсонсон
Хосгүй хоёр амраг
Холдож салах учиргүй сан
Хувь заяа дутахад
Ийм хэрэг болдог уу?
гэж дуулан, уулан дээгүүр буюу урьд Нансалмаагаас салсан газраараа явж байгаад зүүн уулын ёроолд орж хойд уулын зүүн талаар явна.
Энэ завсар Нансалмаа мөн жалганд унасан хэвээр байх бөгөөд гэтэл зүүн уулын модон дотроос нэг зэрлэг гахай ирэн Нансалмаа дээр очиж эргэн тойрон шиншин, таван минут хиртэй болоод идэхийг завдахад Нансалмаа сэргэн цочин сандран өндийж, айн байх ба нэлээд байх үест Юндэн хойд уулын баруун дээгүүр гарч ирээд юуны урьд тэрхүү гахайг хармагц буугаа аван буудна. Гахай унамагц Юндэн буугаа барин хүрч ирэхэд Нансалмаа нэгд айсандаа, хоёрт Балганыг ирэв гэж бодсондоо зугтана. Юндэн таниад “Нансалмаа, Нансалмаа” гэж дуудахад сая эргэж гэдрэг харан Юндэнг танийд гараа сарвайхад Юндэн яаран очиж тэврэн авна. Нансалмаа бас муужран унана. Түүнээс Юндэн газар сууж иин дуулна:
Алга болоод олдохгүйд чинь
Амь тэмцэн явна шүү
Аглаг хээр газар
Яагаад хүрч ирэв
Гэр орондоо байхгүй
Хэл мэдээ орхихгүй
Хээр талд ирээд
Хэвтэж байх чинь юу вэ?
гэж дуулж Нансалмаагийн гарыг барихаар
Нансалмаа /уйлан/:
Эргэж ирэхгүйд чинь
Элдвийн юм бодлоо
Энэлж шаналж гачигдахдаа
Ингэж хээр хэвтнэм
Хурдан нийлж суух гэсэн
Хоосон болохоос айв
Хавчигдаж цухалдахдаа
Хатуу зориглохыг шийдэв
гэж дуулахад
Юндэн /гайхсан байдал гарган/:
Эцэг эх чинь зовоов уу
Өвчин гамшиг тохиолдов уу
Энэ тэр эргүүлдэв үү
Эрээгүй надад хэлээч
Харь этгээд зовоосон бол
Хариу өшөөг авъя
Хайртай хэвээрээ бол
Хад чулууг хагална гэхэд
Нансалмаа:
Амраг чамайг явснаас
Айхтар зовлонд учирлаа
Арга ядаж хүлээхдээ
Уулан дээр ширтэн сууна
Гаргаж өгсөн өдрөөс чинь
Харгис хүн тохиолдлоо
Гартаа оруулж авах гэхэд нь
Ганцхан чамайг харуулдлаа
хэмээсний дараа харилцан тэврэлдэж нилээд тайтгарсан байдалтай байх бөгөөд
Юндэн /ийн дуулна/:
Хоёр бие учирлаа даа
Хойчийн зовлон гайгүй биздээ
Элдэв дарлах гэвэлдээ
Эр чадлаар тэмцэнэ
Амраг сэтгэл байвал даа
Уушги зүрх нэг шүү дээ
Уужим тайвуун байгаад
Ургийн хэргээ гүйцэтгэе /гэсэнд/
Нансалмаа /баярын байдал гарган/:
Учирсныг тооцвол
Ухаж авч үзээрэй
Чонын аманд хавьтуулахгүйг
Чи мэдэх хэрэгтэй шүү
Хүсэл сэтгэл чам дээр
Хүйтэн халуунд дагана
Өөрийн гэртээ аваачна уу
Одоо чамаас хагацахгүй
гэж Юндэн, Нансалмааг өвөр дээрээ суулган толгойг илэн хоёул
Нийлсэн хоёр сэтгэл нь
Мянган лан алт шүү
Зайгүй хатуу нягтад нь
Зүүний үзүүр орохгүй
Алтан наран мандах нь
Агаар тэнгэрийн дэнлүү
Амраг хонгор хүү минь
Ёстой миний дэнлүү
гэж тэврэн суух бөгөөд
Нансалмаа:
Агшин зуур хагацахад
Мянган жил шиг санагдан
Өлссөн хөөрхий сэтгэл минь
Чамайг үзэхээр цадна
Хас чулууны өнгийг
Харлуулж юу ч чадахгүй
Хайртай амраг хүнийг
Хагацуулж хэн ч дийлэхгүй
гэж дуулж байх үед тэр хоёрын хажуугаас Балган гэнэт гарч ирэн догшин байдлаар эсрэг хандан, муухай харан Нансалмаа уруу давшилж ийн дуулна:
Эрээд эрээд олдохгүй
Ингэж харин байна уу чи
Орчлон ертөнцийн дээр
Миний гараас гарахгүй чи
Энэ муу эрээ дагаж
Эзгүй хээр үхнэ үү чи
Худалдаад чамайг авсан ч
Хурдан бушуу явтугай
гэж загнахад Юндэн бяцхан өндийн муухай харж тэмцэлдэхийг бодсон янзтай байх бөгөөд
Нансалмаа /уурлан ийн дуулна/
Хүний арьсыг нөмөрсөн
Чонын толгой дуугүйгээр
Энэ хүнийг харж байна уу
Чамд дарлагдахыг өнгөрсөнъ
Бушуу түргэн далд ор
Хүний хажуугаас зайлж
Чонын сүрэгтээ нийл.
Харанхуйд Балган ухасхийн Нансалмаа уруу дайрмагц Нансалмаа Юндэнгийн ар тийш бултана. Юндэн Балган уруу хөдлөхийг завдтал Балган хажууд байсан нэг модыг авч Юндэнгийн толгойг цохиход Юндэн уулын уруу ойчино. Гэтэл Балган Нансалмааг барин авч, уйлуулан чирч одно. Түүнээс Юндэн уулын бэлд унаад ухаангүй хэвтэж байх бөгөөд энэ үед зүүн уулын араас Хоролмаа хоёр хувин барьж алгуурхнаарр булаг дээр очиж ус аваад буцах замдаа Юндэнг үзэж цочин зайлмаар болсчоо байж хувинтай усаа тавин түүний дэргэд очин “Юндэн, Юндэн, Яасан? Мориноос ойчсон уу” гэж өвчүүн дээр нь дарж үзэхэд Юндэн өчүүхэн хөдөлж байхад
Хоролмаа /даруй сууж толгойн шархыг нь өөрөөсөө цагаан дурдан алчуур гарган боож толгойг нь өвөр дээрээ тавьж ийнхүү дуулна/:
Эртнээс чамайг хүссэнсэн
Одоо учрахаа явсан сан
Ингэж уулзахыг үзвэл
Ерөөл заяатай юмсанж
Жавхлантай сайхан эр л гэж
Засаг хошуугаар хэлэлцсэн
Царай зүсийг үзвэл
Дамжиггүй үнэн юм л даа
Давхраатай хар нүдтэй
Тас цагаан шүдтэй
Дархан Цэндийн Юндэн чи
Давуу цэвэрхэн төржээ
Өслөг гуалаг нуруутаы
Өргөн хар хөмсөгтэй
Өөрийн нутгийн Юндэн чи
Үлэмж сайхан төржээ
Бараагий чинь хараад бахадсан юу
Царайгий чинь үзээд баярлаж байна
Ухаан орж сэргээч
Уг санаагаа илтгэе
Тавилан ерөөл байснаас
Тавтай сайхан уулзлаа
Дээшээ сэргэж босооч
Дурласан сэтгэлээ сонсгоё.
гэж дуулаад Юндэнг хөдөлгөн ядах бөгөөд даруй аятайхан хэвтүүлэн босож нэг хувинтай ус авчран түүний товчийг тайлж энгэриыг яран ус шүрших бөгөөд бас хажуугаар нь үнсэж байна. Гэтэл Юндэн алгуураар аан уун гэж ярагласаар сэргэж, нүд аниатайгаар дэрлэж хэвтсэн Хоролмаагийн гарыг барьж илэн мөнхүү “Нансалмаа” гэж дахин дахин тэмтрэх бөгөөд үүнд Хоролмаа их цочсон янзтайгаар дэмий л “зүгээр зүгээр” гэнэ.Гэтэл Юндэн бүрмөсөн сэргэн өндийж Хоролмааг ширтэн “Та юун хүн бэ? Нансалмаа яасан бэ?” гэхэд
Хоролмаа:
Нансалмааг би мэдэхгүй
Харин таныг энд ухаангүй
Хэвтэж байхад нь
Би тэнхрүүлэн сэрүүлэв
Хэрэв жишихгүй бол
Өчүүхэн надтай танилцах болов уу?
Би таныг хэдийнээс таних боловч, ийнхүү
Нүүрч учирч явсангүй
Та мориноос ойчсон буюу, яасан бэ?
гэхэд
Юндэн /талархан/:
Та яасан сайн хүн бэ, хэрэв
Та намайг авран сэргээсэнгүй бол,
Би эзгүй хээр газар
Аягүй бол үхэж үрэгдэнэ
Өөрийн сүйтэй хүүхэнтэй
Хамтран сууж байхад
Нэг үл таних хүнд
Санамсаргүй жанчигдав
Эрхэм бүсгүйн нэр хэн бэ? Гэр хаана байна вэ?
Хожим аяийг хариулъя /гэхэд/
Хоролмаа /ихэл баярлан инээмсэглэх царай гаргаж ийн дуулна/:
Учрал ерөөл байснаас
Уулзаж тохиолдсон нь энэ биз
Муужирсан таныг сэргээх нь
Мөхөс миний сэтгэл ээ
Эрхэм хүн тантай
Ингэж танилцах хишиг байжээ
Доодын гэрт саатаж
Тэнхээ тамираа сувилна уу? /гэхэд/
Юндэн /өндийж/:
Эелдэг сэтгэлт охин таны
Энэрч үзсэнд баярлана
Гэр нэрээ хэлж өгнө үү?
Хожим айлчлан очъё
Зөөлөн хөнгөн гараараа
Илж сувилсанд талархана
Эгч дүү мэт дотнолж
Ач тусыг хариулъя /гэхэд/
Хоролмаа /өмнө зогсон/:
Самуун улсын гарт
Шархдаж унасанд түвдэхгүй
Сайхан өнгө чинь шарласанд
Сувилж засахыг хүсэж байна
Хас царайгий чинь харахад
Хайрлах сэтгэл өрнөж байна
Хамт манайд очиж
Халуун цай зооглоно уу? /гэхэд/
Юндэн /маргаж/:
Учирч намайг сувилсанд
Ухаан санаа минь сэргэж байна
Уран сайхан ааший чинь
Уяран бахдан сүсэлнэ
Таныг дагаад явах юмсан
Танилцаж мэдэлцэж авах юмсан
Эхнэрээ олоод очих юмсан
Эгч минь та харсан уу? /гэхэд/
Хоролмаа /бяцхан царай хувирч ийнхүү дуулна/:
Зальхай этгээдтэй нийлж
Залуу чамайг мэхэлнэ
Богтолж авах гэсэн хүүхэн чинь
Балгантай нөхцөөд очсон шүү
Ийм сайхан эрд
Эхнэр хаана мундах вэ?
Ганц нэгийн хойноос
Гансарч зүтгээд яах вэ? /гэхэд/
Юндэн /цочсон мэт болж/:
Хоёр сэтгэл нийлсэн сэн
Хувиралтгүй шийдсэн сэн
Хол газар явахдаа
Хойш бодсонгүй сэн
Зальхай хүний хүч биз
Зан авир хувираагүй биз
Таны үгийг дуулахад
Дотор харанхуйлан давчидна
гэж ихэд цухалдсан янз гаргахад
Хоролмаа /түүний хормойноос барьж сөгдөн сууж ийн дуулна/:
Аянд явсан өдрөөс чинь
Амраг сэтгэл хувирсан шүү
Өнжиж хонох бүрд
Өөр хүнд дассан шүү
Балган гэдэг хүн
Баян түшмэлийн хүү шүү
Эр чадал ч ихтэй
Эзэд ноёдод ч талтай
Санаагаа тайл л даа
Сайн бодож үз л дээ
Янаг амраг гэгч
Янзаар байдаггүй юм
Үнэн сэтгэл ч ховор юм
Өнгө мөнгөнд ч болдог юм
Үйл заяа ч хэцүү юм
Өөрийн санаагаар болдоггүй юм
Шинэхэн ханилахын үед
Шимтэй сайхан амттай
Санамсаргүй байсаар
Сүү шиг хурдан гашилдаг юм
Янаг амраг гэгч
Эмзэг нь яах аргагүй
Ялиггүй бяцхан хөндвөл
Эмтэрч эвдрэх хялбархан
Бадарч байгаа янаглал
Зүрхний дотор халуун
Буурч хувирах үедээ
Нүдний үзүүрт хүйтэн
Хатсан газрын хөрсөн дээр
Цэцэг ариун ургадаггүй
Харласан сэтгэлийн дотор
Алт цутгаад цайдаггүй
Орчлон гэдэг нь бөөрөнхий
Эргэж хувирч байдаг юм
Уярангашуудах хэрэггүй
Ондоо зам байдаг юм
Залуу эр зоригтой
Чанга бодож яв л даа
Энэлж шаналж уйтгарлавал
Эгч чинь зугаацуулж үзье
Эцэг эх минь хөгшин
Эзлэх толгойлох хүнгүй
Энэ бие ганцаар
Одоо манайд оч л доо
Гэр орон ч холгүй
Хэтийн зам ч нарийнгүй
Хэзээний ерөөл байснаас
Хоёулаа улзахнь энэ үү
Хоёр уулын хооронд
Хоёулан амраглан янаглаж...
гэж босоход Юндэнгийн ханцуйнаас татан хөтөлж одно. Юндэн бяцхан ухарсан мэт боловч эргэн түүнийг дагаж одтол хөшиг хаана.
ГУРАВДУГААР ҮЗЭГДЭЛ
Зүүн уулын өмнө талд Нансалмааг мордуулж байгаа үзэгдэнэ. Түрүүнд Балган буу үүрсэн явах ба дараагаар нь Нансалмаагийн толгойг улаан юмаар бүтээж хоёр талаас сугадан авч явна. Хойноос нь хоёр эр хүн явах бөгөөд Нансалмаа уйлан гэдрэг тэмүүлэн байна. Түүнээс тэд зүүн уулын хойгуур тойрон хойд уулын араар далд орж үгүй болно. Замд Нансалмаагийн хоёр талд яваа хүүхний нэг нь:
Хадамд очдог нас шүү
Хайлж уйлаад яах вэ
Хан хүний нэг шүү
Хатан болох нь та шүү
Сайн хүний хүү юм шүү
Сайхан төрсөн эр юм шүү
Санаа сэтгэл хоёр чинь залган
Нансалмаа дээр болсон юм шүү
гэж дуулж явна. Бас нөгөө нь:
Зөв харж инээ л дээ
Буруу харж уйл л даа
Эрд очих гэгч чинь
Энэ насны жаргал шүү
Угсаат хүний хүү юм шүү
Урьдаас чам дээр сорголсон юм
Учирсан нөхөр хэн гэх вэ
Ухаан санаандаа бодоорой
Ард нь яваа дагасан хоёр хар хүний нэг нь:
Уйлаан майлаан болж байна
Унд хоол нь болоогүй байна
Эртхэн аваачиж өгөөд
Идэж уух юмсан даа
гэж инээлдэн дуулж явна. Бас нөгөө нь:
Бэр хүргэх бэлэгтэй
Бялхаж халгих хуримтай
Байр нийлүүлэх жинтүүтэй
Дээгүүр доогуур хүслэнтэй
гэж инээлдэн дуулж явна. Яаралгүйгээр хойд уулыг даван ормогц олон хүний дуу гаран инээлдэж , баяр бололцон байх бөгөөд найрын чимээ сонстож, нэг хэсэг болоход Юндэн зүүн талаас гарч ирж Нансалмаагийн хойно явж байгаа мэт энэ үед тайзны гэрэл шөнийн байдалд болоход мөнөөх найрын дуу хөгжим намхран дан ганц зөөлөн хуурын дуу гарахад
Юндэн /ийн дуулна/:
Хайрт залуу хоёр
Халуун сэтгэлдээ татагдаж
Хойно хойноосоо эрэлцэхийг
Харсан хүн уярна
Хос хос нүд нь
Хоёр бие дээрээ тусч
Хоёр амраг зүрх нь
Бие биедээ тэмүүлнэ
Амраг сэтгэл цавуу шиг
Аргагүй салах нв цахилгаан шиг
Үүнийг нарийвчлан бодоход
Сэтгэд заавал эвдэрнэ
Мөрөөдсөн хүмүүс учрахад
Мөс боловч хайлмаар
Дурласанхүн салахад
Чулуу боловч хэмхэрмээр
Санасан хэрэг болзошгүй
Санаатай юм тохиолдоно
Сайхан бүсгүй ирэв
Санаа сэтгэлийг бусниулав
Уран үгтэй хүүхэн ээ
Уруул хацар нь хөөрхөнөө
Ертөнц гэдэг бөөрөнхий
Янаг сэтгэл хувирдаг
Хуурчийн шүлэг:
Хоёр уулын үзэсгэлэн
Хүн бүхнээ гоёмсог
Хосолсон амрагийн үг
Бие биедээ урамтай
Сар шиг өнгөтэй охин
Нар шиг гэрэлт эр
Намрын тунгалаг өдөр
Зэрэглэн суух нь гоёмсог
Агуу сайхан нар
Гэгээн гэрлээ тусгана
Алтан сайхан дэлхий дээр
Хоёр янаг баясна
Намрын салхи зөөлөн
Янагийн үг цэвэрхэн
Ярьж хэлэлцэхийг нь сонсоход
Хэн ч сэтгэл хөдөлнө
Үзэсгэлэнтэй төрсөн Нансалмаа
Өөрийн хошуундаа хайрлагджээ
Үнэхээр түүний сэтгэлийг
Ганцхан хүн дээр шийдсэн сэн
Хос амраг зайгүй ч
Гурвалжин болоход нь будлиантай
Янагийн үлгэр гэгч
Ингэж эхэлдэг ажээ.
Холбож ёслохоор шийдсэн юмсан
Хайртай амраг хүүгээ
Харийн хүнд алдаад
Хойд уулын энгэр дээр
Ганцаар юунд гуниглана
Хэлэлцсэн яриа яасан бэ
Хэдэн үгээ солих юмсан
Албадаж чамайг аваачив уу
Ааш зан чинь хувирав уу
Хатуу зориг чинь байна уу
Гараад ирж уулзана уу
Хоёр сэтгэл хэвээрээ бол
Гал уснаас халшрахгүй
Уулын цаанаас
Нансалмаа:
Уулын оройгоос дуулж байна уу
Ухаан санаа сэргэж байна уу
Учирч уулзахыг хүсэж байна уу
Улсын нойрсохыг хүлээе
гэж дуулан байтал, мөн хойд уулын баруун талаас Хоролмаа гарч ирэн Юндэнгийн дэргэд очиж:
Хэний хойноос хараа вэ
Хүний хүнээс ичихгүй юу
Гэр орондоо тогтохгүй
Хээр гүйх чинь юу вэ
Юндэн:
Харийн хүн аваад явахад
Хар нүд минь халтирна
Харамсах сэтгэл багтахгүй
Голт зүрх минь гарах нь
Алтан нар далд ороход
Дахиж үзэхгүй гэж мэдэрч
Амраг янагт автаж
Ертөнцөөс салахыг шийдэв
Өндөр уулан дээр гарахад
Холын бараа харагддаг юм
Өөрийн хэргээр сууж байна
Өөр бусдад хэрэггүй
Хоролмаа:
Өнгөрсөн юмаар яах вэ
Өөр замыг бод л доо
Ингэж суугаад хэрэггүй
Үгэнд минь эрхгүй ор л доо
Юндэн:
Ижил хоёр шувуу шиг
Дуу дуугаа таньдаг юм
Замын хоёр хүн
Зүг зүгтээ явдаг юм
Хоролмаа:
Санаа сэтгэл нь хэвээрээ бол
Салж хаанаас явах вэ
Эргэж тойроод яах вэ
Эртхэн замаа эр л дээ
Уулын цаанаас Нансалмаа гарч ирнэ. Түүнийг Хоролмаа хармагц, уулын ард нуугдан оорно.
Юндэн/Нансалмаатай учирч ийн дуулна/:
Ижлээс салсан ангир
Эргэлдэн тойролдон ганганана
Энхрий чиний хойноос
Элэг зүрх минь эмтэрч байна
Нансалмаа:
Хойноос ирэхгүй болоход чинь
Хорлогдсон гэж бачимдав
Хослон дуулах хоолойг чинь
Холоос сонсоод баярлав
Юндэн:
Торонд орсон болжмор шиг
Тогтож ядахыг чинь өрөвдөв
Хадмын хар гинжнээс
Хэрхэн мултарч ирэв
Нансалмаа:
Шөнийн харанхуй болоход
Журмаар эцэслэхийг бэлтгэв
Өнийн ерөөл байснаас
Чамтайгаа бас учрав
Юндэн:
Уулын орой дээр гарч
Амь тэмцэн харуулдав
Амрагхүү минь хүрээд ирэхэд
Арав таван үгээ солив
Нансалмаа:
Бүрүй баруй болж байна
Бүдэг од сүүмэлзэж байна
Бүрмөсөн хагацах энэ үү
Бодож санах юмгүй юу
Юндэн:
Орчлон ертөнц харанхуйллаа
Олны хөл нь татарч байна
Олж бид хоёр чадахгүй биз
Одоо хоёулаа явъя
Нансалмаа:
Алсын замаар явъя даа
Амрагхүүгээ дагая даа
Сэтгэлийн зовлон хэцүү юм
Шийдсэн сэтгэл чам дээр шүү
/Оргон явна/
Хоролмаа босон, уул даван одно. Удалгүй Балганы хамт хэдэн хүн дагуулан Юндэнг барих гэж явна.
Нансалмаа:
Төрсөн нутгаас ангижирхад
Дотор балсдан харанхуйлна
Түмэн замын бэрхэд
Чамтайгаа явъя
Юндэн:
Хангай орноо орхиод
Харийн газар тэнүүчилье
Амьдрах үхэх шороо
Аль газар бий гэнэм
Нансалмаа:
Гэрэлтэй баясан уул
Сүртэй аймшигтай үзэгдэнэ
Гийж байсан сэтгэл
Түг түг түгшинэ
Юндэн:
Саруул сайхан хөндий
Хав харанхуй болов
Сайхан бодсон хүсэлд
Саад болох юмгүй дээ
гэж дуулж явтал гурванхүн гүйн гарч ирээд хүч хавсран Юндэнг барьж занчина. Нансалмаа, Юндэнд туслахыг бодовч Балган чирч, уул даван одно. Үлдсэн хоёр хүн Юндэнг занчаад мөн явна. Мөнөөх модон дотор Юндэн хүлээтэй хэвээрээ хавчин байж ийн дуулна.
Хайлаас модон дээр
Харцага шувуу жиргэхэд
Хайрт амраг хүүтэйгээ
Хамтрах үгээ ярьсан
Хамаг бодис найралдахад
Хоёр сэтгэл ч бахтай сан
Харин эцсийн өдөр
Хантайруулан хүлэгдэхийг санасангүй
Эзгүй хээрийн газар
Ингэж үхэх цаг байжээ
Эр байж дээ
Өшөө хариугаа авах сан
гэж дуулж толгой унжуулан байтал, уулын зүүн сугаас
Хоролмаа /гарч Юндэнгийн дэргэд ирээд ажиглан ийн дуулна/:
Хасын чулууг хагалбал
Хамаг үнээ алддаг юм
Хайрласан үгэнд орохгүй бол
хар толгойд чинь тохиолддог юм
Эргүү мжнхаг болж байна чи
Эр чадал чинь аль вэ
Эмийн хойноос явсаар
Ингэж байхдаа ичихгүй юу
Энэрч хайрласан сэтгэлээс
Эргэж чамайг ирсэн юм
Нансалмааг авах чинь өнгөрсөн шүү
Надтай суувал дээр шүү
гэж дуулан Юндэн шаазуур зуун дургүй байдалтай байна.
Хоролмаа уурласан байдалтай гэнэт ханцуйнаасаа хутга гаргаж Юндэнг дүрэх байдалтай очоод Юндэнгийн хүлээсийг таслаад Хоролмаа Юндэнгийн гараас барьж одн о.
Хуурчийн шүлэг:
Амраг янаг гэгч
Аль ч хүнд байдаг юм
Алт мөнгөөр цохиж
Авахад бэрхтэй нь үнэн ээ
Хайртай амраг гэгч
Хагацах нийлэх нь болзоогүй
Харж суугчдын дотор
Бас ч тийм биз
Хоёулаа нийлээд явахад нь
Хүсэл санаа хангалттай
Хол газар одоход нь
Хүний сэтгэл эвдэрмээр
Халуун хүйтний зовлонг
Хамтаар үзэх нь журамтай
Хоёр биеийг холбож
Хэзээ жаргах юм бол доо
Түмэн лангийн амрагт
Нэг цэнгийн тусламжгүй
Түүнийг зовоогч этгээдэд харин
Хүн бялдуучилна
Хоёр хүн нийлсэн сэн
Дөрвөн хүн болов
Хэн хэнд зохицохыг
Хэрхэн одоо мэднэ
ДӨРӨВДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ
Хөшиг нээмэгц, тайзны дотор тунгалаг сайхан өдрийн байдалтай байна.
Юндэн /зүүн уулан дээр шанаагаа түшиг сууж ийн дуулна/:
Алтан нарны гэрэл
Арван зүгт цацарна
Агуу сайхан туяанд нь
Амраг хүү минь үзэгдэхгүй
Алс харахад уужим
Амьсгал дотор цухал
Амьд мэнд явбал
Учрахын ерөөл бий болов уу
гэж дуулж байтал цаанаас
Хоролмаа /сэмээр гарч ирэн Юндэнгийн өмнө очиж ийн дуулна/:
Үүлээр нисэн ирэвч
Амраг чамд олдохгүй
Өдөр шөнөгүй хүлээвч
Сэтгэл санааны гарз
Мянганы газар харуулдавч
Янаг хүн чинь ирэхгүй
Мах яс чинь хайрангүй юу
Ямар ч заяа байхгүй биз
гэж дуулахад
Юндэн:
Алс харуулдахыг минь хориглоно биз
Амраг сэтгэлийг минь хориглохгүй биз
Эргүүлж саатуулж чадавч
Үүрд хувируулж чадахгүй
гэж дуулахад
Хоролмаа:
Мэргэн ухаан чинь самуурсан биз
Мэдэл санаа чинь төөрсөн биз
Үйл зовлонг эдэлсэн шүү
Өрөвдөж чамайг хайрлана
гэж дуулахад
Юндэн:
Олс дээсээр холбосон ч
Хутга хайчаар тасалдаг юм
Нийлсэн хоёр сэтгэлийг
Илд жадаар салгахгүй
гэж дуулахад
Хоролмаа:
Хутга мэсийг гаргасангүй
Хар санааг агуулсангүй
Хайрлах энэрэхдээ хэлсэн юм
Харьж суувал дээргүй юу
гэж дуулж суухад
Нансалмаа /хойд уулын дээр ирж ийн дуулна/:
Шөнө харанхуй үес
Аялгуу дуу жихүүн
Сэтгэлийн хүнээс салахад
Зүрхэнд хутга орсон шиг
Оргож бүгж гарав
Ой модоор тэнэв
Хөх тэнгэр гэгээрэв
Хөөрхий хүү минь олдохгүй
гэж дуулахад
Юндэн /тэр зүг ширтэн/:
Тунгалаг сайхан өдөр
Түмэн бодис баясна
Түүний сайхан цэнгэлийг
Хэзээ бид амснам
Огторгуйд байгаа одыг
Унагаж буулгаж болохгүй
Онцолж зохицсоэ сэтгэлийг
Огтолж бас чадахгүй
гэж дуулахад Хоролмаа уурлан: “Яах гэж гиюүрсэн юм бэ? Яв эртхэн.” гэж Юндэнгийн гараас чангаахад Юндэн уурлан “Яасан ч чамд хамаагүй.” гэж гарыг даллан хүчтэйгээр түлхэхэд Хоролмаа уулын ар уруу өнхрөн унана. Юндэн даруй босож Нансалмаа уруу очих гэтэл хойд уулын араас
Балган /гарч ирэн Нансалмаагийн дэргэд сууж ийн дуулна/:
Хүсэл сэтгэл дамжигтай ч
Хөх хадгаар нийлүүлсэн шүү
Төрийн ёсыг дагавал
Түмэн баяр гүйцэлдэнэ шүү
Цагаан гэрийн дотор
Улаан энгэсгийг түрхэж
Торго магнагийн дунд
Дураар цэнгэхийг бодохгүй юу
гэж дуулахад Юндэн, Нансалмаа уруу очих гэснээ түр зогсон зүүн уулын баруун хойд хажууд гайхан байх бөгөөд Балганы хариуд:
Нансалмаа /ийн дуулна/:
Тэн тэнгүй ачаа
Тэмээ малын зовлон
Тэнцүүргүй амраг
Сэтгэл санааны зовлон
Харлаг царайг чинь үзэхэд
Хамаг бие минь жихүүцнэ
Хэзээ ч намайг авахгүй шүү
Хэтийн замаа бод л доо
гэж дуулахад
Балган:
Тэнцүүр үгүй ачааг
Даашин олсоор тэнцүүлдэг юм
Дэнсэлж догдолсон сэтгэл
Тэгсээр байгаад тогтдог юм
Эрх мэдлээ өгье
Эцгийн хөрөнгийг тушааяа
Өвдөг дор чинь явъяа
Өчүүхэн надтай суугаач ээ
гэж дуулахад
Нансалмаа:
Уул шиг алт ч хэрэггүй
Өчүүхэн амраг хэрэгтэй
Янагийн хооронд битгий ор
Явдаг газраа тэнүүчил
Алсын зоригоо бодно
Алтан амиа бодохгүй
Авилагч муухай аашилбал
Алалцаж байгаад үхнэ
гэж Балганыг түлхсэнд, Балган хойд уулын ар уруу өнхрөн унан. Түүнд Юндэн цочих мэт болон бяцхан өндийхөд
Нансалмаа /инээмсэглэн баяртайгаар ийн дуулна/:
Шөнийн сүрхий салхинд
Шугуйн навч унав
Сэтгэл зүрх минь сэрчигнэж
Чиний хойноос тэмүүлэв
Хүний гарт орон алдлаа
Хүзүү толгой салан алдлаа
Хүүтэйгээ уулзахыг санасангүй
Хурдан наашаа ирнэ үү
гэж дуулахад Юндэн босож Нансалмаагийн дэргэд очиж гараас нь барихад Нансалмаа баярласан бахадсан янзтайгаар түүнийг түшинэ.
Юндэн /ийн дуулна/:
Намрын хонгор салхи нь
Найган ганхан салхилна
Намайг чамайг зовоосон
Яасан сүрхий орчлон бэ
Нансалмаа /хариуд/:
Алтан нар мандаж
Дэлхий дахниныг гийгүүлсээр
Аяа бид хоёр
Түүний дотор зовсоор
гэж дуулахад
Юндэн:
Энхрий чамайгаа хүсэхэд
Элэг зүрх минь эмтэрнэ
Ингэж хааяа уулзахад
Энэрэлт чам уруу тэмүүлнэ
гэж дуулна.
Нансалмаа:
Харгис хүн хэцүү ч
Халуун сэтгэлийг халхлахгүй
Халдах түрэмгийлэх нь хортой ч
Хайртай хүү минь хувираагүй
гэж дуулж Юндэнг тэврэхэд Юндэн түүнийг тэвэрч үнсэн тэр хоёр нэлээд удаан болж салцгаасны дараа Юндэн Нансалмаа хоёр хослуулан:
Нарны элчгүйгээр
Навч цэцэг ургахгүй
Алтан сайхан гэрэлд чинь
Өчүүхэн бид хоёр амраглана
Урьхан хонгор салхинд нь
Уулын ногоо ганхана
Удаж уулзсан бид хоёр
Уушиг тэнийж баярлана
Хөх тэнгэр цэлмийж
Хөвөн үүл хөвсийхөд
Хүсэж мөрөөдөлцсөн бид хоёр
Хослон явалцах нь сайхан аа
Уудам талд өссөн сөн
Уужим газар дассан сан
Огцом зовлонгоос гэтлэв үү дээ
Одоо хоёул харья даа
гэж дуулж сугадалцан уулнаас бууж явтал гэнэт уулын баруун талаас Балган Хоролмаа хоёр хүн дагуулан Юндэн, Нансалмаа хоёрын эсрэг янзтай гарч ирэх бөгөөд тал талд тархан орж одно. Гэтэл нэг хүн ирж энд байна гэхэд Юндэн барин авч ноцолдон дийлнэ. Удалгүй Хоролмаа ирэхэд Юндэн уурласан байдалтайгаар өндийхөд Хоролмаа айн зайлж одно. Бас даруй нэг хүн ирж мөн ноцолдон дийлж байтал, Балган ирж дороо хийж занчихад Нансалмаа даруй Балганы ард байсан хутгыг сугалан авч дүрэх гэтэл Балган босуут хутгаа аван Юндэнг дүрэн ална. Юндэн өнөөх жрьдын чулууны дэргэд унана. Хоёр хүн “Чи юунд амины хэрэг гаргав? Маныг хэрэгт холбогдуулав. Чамайг албаны газар хүргэж бид хэргээс гарна.” гэж туслахыг байж харин түүнийг барин хүлж авч одоход Балган аргагүй болж хөтлөгдөн явах замд “Нансалмаа надад хэрэггүй” гэж чанга дуугаар хоёр гурав дахин хэлж одно.
Хоролмаа айсан мэт болж “Юндэн надад хэрэггүй” гэж мөн чанга дуугаар хэдэнтээ хэлж зугтан одно.
Нансалмаа ганцаар сандран хоцорч Юндэн дээр очиж уйлан бархиран эргүүлж хөрвүүлэх ба нүд зүрхийг дарж үзэх бөгөөд нэгэнт үхсэн болоход ихэд гашуудах байдал гарган түүний хажууд сөгдөн сууж энэлэгтэй янз гарган толгойг нь илж уйлан:
Хайртай амраг хүү минь
Гагцхүү намайг гэсээр
Хайран амиа алдахад
Гашуудан гашуудан барахгүй
Эрээлэн ганхах цэцэгт
Өвлийн хүйтэн дайсан аа
Ижилгүй хоёр амрагт
Өшөөт хүн эрлэг ээ
Орчлонт ертөнцийн нар нь
Олон хүнийг баясгуулна
Орой үдэш шингэвч
Өглөө дахин мандана
Өчүүхэн миний нар нь
Өнөө өдөр эцэслэв
Үүрд дотор минь харанхуй
Энэ насан хэрэггүй
Дассан чамаас салахад би
Талд хоцорсон янзага шиг
Дэлхий дахины дэр
Түвдэж оршиход бэрхтэй
Ихэмсэг сайхан ууын хажууд
Энэхүү хуучин чулууны дэргэд
Эхний өдөр баясгалантай асан
Эцсийн өдөр гаслантай аж
Ижлээсээ хагацсан шувуу
Эргэлдэн тойрох нь энэрэлтэй
Эрээс салсан намайг
Өрөвдөх хүн байна уу
Хосгүй, адилгүй эр чи
Хоёргүй дагасан эм би
Холбох нийлэхийн заяагүй бол
Хоёул үхвэл баяр бас
гэж дуулж сүүлчийн бадгийг эхлэхийн үед Юндэнгийн цээж уруу шаалттай хутгыг сугалан авах бөгөөд дуулж төгсөхөд зүрх уруугаа шааж унана.
Хөшиг хаана.
ТӨГСӨВ

No comments:

Post a Comment