Tuesday, January 8, 2013

Залуус дүү нартаа хүргэх шүлэг

Залуус дүү нартаа хүргэх шүлэг 


Өнгө энэ алаг хорвоо дээр
Өөрийн сайндаа чи тєрєєгvй
Өдөр өдрийн нарыг үзэж, тэнгэрийг харах
Өндөр их тавилан хайрласан аав, ээждээ баярла

Үдшийн цэнгээний газар согтуу юм шиг дарвиж
Үеийн хонгор бүсгүйтэй мансууран цэнгэж явахад
Насан буурал ээж чинь үнээний дэлэн шувтарч
Намрын хүйтэн шөнө, зэлэн дээр жихүүцэж суугаа

Амтат бяслаг, хуруу зузаан өрмий нь
Амьхандаа чамд л хадгалж, замын унаа хүлээнэ.
Өр авлага нэхэхгүй эхийн сэтгэлийг хүүхнvvд орлохгvй ээ
Өвөл болохоос урьтаж, ээждээ нэг очоорой

Эгэмий чинь яс хугарахад аавын тань цээж өвдөж
Эдгэртэл нь адилхан шархтай явдаг шvv…
Ширхэг ширхэгээр цайсан үс нь чамайг хvлээсэн хоногуудын тоо,
Шинэ цасаас урьтаж, аавдаа нэг очоорой!

Өвлийн шөнө талд яваа аавыгаа үе үе санаарай,
Өөрөө чи дулаан хөнжилдөө хэвтэж буйдаа гэмшээрэй
Зуун олон хоног хөдөлж, олж хураасан бvхнээ
Зарж үрж, бөөн бөөнөөр нь чамд л харамгүй илгээх юм.
Зоогийн газар чи тvvнийг нь шар айраг болгож
Зовж амьдарсан эцгийнхээ хөлсийг уух хэрэггүй
Энд чи буруутаж явахад эцгийн чинь нэр доргино.
Эрдэнэт буурлаа хайрлаагvй бол, эх орноо хайрлах ч юу л бол

Амьдрал туршдаа хайрлаж явах аав гэдэг хvн
Алтан нар шиг ганцхан юм шvv

Үр хvvхэд төрлөө гэж баярлаж явах цагтаа
Үсэн буурал өтгөсийг хаа нэгтээ нутаглуулж буйг санаарай
Хоног өдрүүдийг жаргалтай үлдээ ч, дүү минь
Хорвоогийн юм бvхэнд эцэс буйг санаарай

Орчлонгийн шуугиан, амьтан хүний хэл ам,
Орон хотын утаа униараас холдож
Аян замын тоосоо гvвээд
Аавынхаа гэрийн босгыг алхаж нэг үзээрэй

Эргэнэгийн тэндээс хувин сав хангинуулж
Ээж чинь “хvv минь” гэсээр босож ирнэ.
Амсар дүүрэн цайтай гангар шаазангаа алдаж
Азай буурал хөгшин яахаа мэдэхгvй сандчина.

Аав чинь гэрийнхээ хойморт Алтайн уул шиг ханхайж
Алив нэгэнд барьц алдахгvй уужуу тайван сууна.
Манан нэвтлэх од шиг нүд нь гялалзаж
Малгайгаа өмсөж, нударгаа засаж, ирж үнсvvлэхийг чинь хvлээнэ.

Төрсөн гэр чинь дулаахан, галын илчинд чи нозоорч
Төгөлдөр орчлонгийн диваажин эцгийн гэр болохыг мэдэрнэ.
Морьд үүрсэх хээр талдаа аргалын утаа үнэрлэж
Модон тагштай өрөм идэж, ээжийнхээ гараас цай ууна.

Тансаг сайхныг нь бишрэн, орчлон ертөнцөөр хэрэн явлаа ч
Тал нутагт наран мандаж, гэрийн цэнхэр утаа суунаглаж,
Хуйлран давхих зээрийн сүрэг, толгод дамжихаас илүү сайхныг
Хурмастын доор vзээгvйгээ мэдэрнэ чи

”Моод хөөсөн хотын ганган хүүхнээс илүүгээр чи
Монгол дээлтэй, хөдөөгийн бор бvсгүйг хайрлана
Өвгөн хорвоод зуун жил амьдрахгvй ч, хогшил хураагчаас
Өвлийн шөнө моддыг өрөвддөг аавыгаа илүү ойлгоно чи

Харь холын шуугиант хот неоны гэрэл, машины чимээнээс
Харгуй зам, булаг шанд, хоттой хонио илvv ойлгоно чи
Ухаан балартам тачигнасан эстрад хєгжмийн чимээнээс илvv
Учирлаж аргадсан ардын дуундаа дасна чи.

Дээдийн номтой мэргэдийг эрж, дэлхийгээр тэнэх хэрэггvй
Дэргэдээ байгаа суут ухаантныг дэндүү ойшоолгүй явснаа бод
Ариун үнэн, зовлон бэрх, хайр ухааны
Амин голд нэвтэрсэн мэргэд
Аав, ээж хоёр чинь юм шvv

Амьдрал тэднийг гүн ухаанд сургаж
Адгийн муу амьтныг ч өршөөх аугаа их сэтгэлтэй болгожээ.

Ачит ээждээ алчуур аваачих хэрэггvй
Аавдаа шил юм өгөх хэрэггvй,
Айлын хvvхэд хуурах хэдэн чихэр ч хэрэггvй
Аль алинаар нь тэд дутаагvй

Эрт цагт гэрээсээ гарсан өөрийгөө л
Ээж, аав хоёртоо хvргэж ег
Эрийн цээнд хvрсэн чамайг харахаас илvv
Эрхэм бэлэг хегшчүүлд үгvй ээ

Учир мэдэхгvй нялх багадаа ч,
Ухаан суусан идэр насандаа ч,
Уул овоо шиг л юмыг ах нь
Улс амьтанд амлаж явлаа!

Асарч тэтгэсэн ээж, аавынхаа
Ачийг нэг мөсөн хариулж
Амтатныг идүүлж, өнгөтийг өмсгөж
Алтан аяганаас уулгахын дайтай
Андуурч, эндүүрч явлаа.
Одоо л ээж, аавыгаа жаргаая гэтэл
Орчлонгийн тоглоом даанч хатуу

Алба ажлын эрхээр газар алс одоод
Аян замыг хороосоор яаран яарсаар ирэхэд
Аав минь энэ хорвоогоос явчихсан байлаа
“Хүүтэйгээ л нэг уулзмаар байна даа” гэж ээжид минь хэлсэн гэдэг
Хүслийн сүүлч нь ганцхан энэ л байсан юм шvv

Чи зэмлэл хvлээж, зэргийн нөхөддөө орхигдож болно
Чи зээрийн янзага шиг хөөрхөн бvсгүйдээ хаягдаж болно
Харин аав, ээж чинь сэрүүн тунгалаг байж
Харьж ирэхийг чинь хүлээхээс илүү жаргалыг
Хамаг орчлонгоос хайж эрэвч олохгүй

Алдааг минь та нар бvv давтацгаа
Аав, ээжийгээ амьдад нь амжиж баярлуулцгаа
Алтан дэлхийд үүнээс илvv гавъяаг ах нь мэдэхгvй ээ

Үзээд өнгөрөх амьдралыг мөнхийн юм шиг бодож
Үдлээд буцах хорвоог үүрдийн юм шиг сэтгэж
Залуу, идэр насаа хөгшрөхгүй юм шиг санаж
Замба тивийн элгэн дээр туйлж яваа дүү минь

Өнгө алаг хорвоо дээр
Өөрийн сайндаа чи төрөөгvй
Өдөр өдрийн нарыг үзэж, тэнгэрийг харах
Өндөр их тавилан хайрласан аав, ээждээ баярла

Амьдрал

Б.Ичинхорлоо
Амьдрал үзлээ гэж ахмад хүмүүс шогшроно.
Амьдралын амтыг үзэх гэж адгуу зарим нь яарна.
Амьдралаа оллоо гэж анд надад гайхуулна.
Амьдралд яарахгүй ээ гэж харин би бодно.
Үзээд байдаг ший жүжиг үү амьдрал
Амтлаад байдаг амттан уу амьдрал
Олоод байдаг эрдэнэ үү амьдрал 
Хүлээлгэж болдог унаа юу амьдрал
Би бодлоо амьдрал гэж юу вэ
Өдөр цаг мөч бүхэнд амьдралыг
Үзэж амталж олж яарсаар
Бүрэн дүүрэн амьдарч байна

Гэгээн валентины өдөрт зориулав

Cайн байна уу ангийн анд минь. Бүтэн дөрвөн жилийн дараа, их сургуулийн аз жаргалтай мөчүүдийн хамтдаа үдсэн ангийн анд чиний амрыг эрэн мэндчилэхэд таатай байна. Чиний бичсэн хайрын захиаг гэнэтхэн би хүлээн аваад, юу бодохоо мэдэхгүй хэсэг бодолд автан суулаа.

Энэ бүхэн надад дэндүү гэнэтийн зүйл байсан гэдгийг би хүлээн зөвшөөрч байна. Чамаас сэтгэлээ уудлан илчихсэн захиа ирнэ гэж зүүдэндээ ч бодож байгаагүй болохоор тэр дор нь яаран хариу бичээгүйг минь уучлана биз дээ. Захиаг чинь аваад бүхэл оройн турш хэдэн удаа уншсанаа би анзаарсангүй ээ. Энэ бүх хугацаа урсан өнгөрсөн хойно өнөөг хүртэл чи надад сэтгэлтэй байж, тэр бүү хэл одоо ч санан дурсаж суудаг гэсэн мөрийг уншаад би өөрийн эрхгүй тэртээх дөрвөн жилийн өмнөх даруухан боловч хүчтэй дурлалаа эргэн саналаа.
Тиймээ тэр үед би дөнгөж дунд сургууль төгссөн жаахан балчир охин байсан. Ангийн хэсэг хүүхдүүд үлдээд яриа өрнүүлэн суусан тэр үдшийг одоо ч би сайн санадаг. Нэг ч өлөн хир суугаагүй цэмцийсэн хувцастай, нүдэнд дулаахан хүүгийн нүүрэмгий ярианд би автахгүй байж чадаагүй юм. Гэхдээ яагаад ч юм энэ хүү намайг тоож харахгүй байхдаа гэж сэмхэн дотроо гуниглаад авсаныг чи яаж мэдэх билээ. Ахиад хэдхэн хоногийн дараа гэхэд би аль хэдийнэ анхны хайртайгаа учирлаа гэдгээ өөрөө ойлгосон сон. Тиймээ тэр үед чи надтай ярих нь бүү хэл, ойрхон ч суудаггүй хүү байснаа одоо эргэн санаж байгаа байх. Надад дургүйдээ л зугатааж суугаад байдаг гэж би тэр үед таамаглаж, сэтгэл минь зовиуртай байдаг байсан. Гэхдээ хааяа хааяа тулгардаг байсан харцаа би эргэн санах бүртээ хамаг нүүр минь халуу шатах мэт ичингүйрч, мөрөөдөлдөө би аль хэдийнэ чинийх болчихсон нисч явдагсан. Миний өрөөсөн бээлийг энэ олон жилийн турш гээж орхилгүй хадгаллаа гэж үү чи. Зүүд биш байгаа даа гэж бодогдоод байна.

Нэгэнт чи өөрийн сэтгэлийг дэлгэн бичсэн болохоор би ч бас өөрийн юу бодоэ санаж явсанаа ний нуугүй хэлэх нь зүйтэй гэж бодлоо. Анхны хайр бүтэлгүйтдэг гэдэгтээ би харин санал нэг байдаг байсан. Чиний тухай олон мөрөөдлөөр би зүрхээ тэтгэн, оюутны хөлгүй далай мэт амьдралыг туулж өнгөрүүлсэн. Чамд өөрийгөө ойлгуулах гэсэн оролдлого бүхэн минь бүтэлгүйтдэг гэж би боддог байлаа. Гэхдээ ор тас мартая гэж бодох бүр хацрыг минь улайтал мөргөлддөг чи бид хоёрын харц намайг өөр хүнд дурлахыг хүлээн зөвшөөрөлгүй, олон жилээр найдлага өвөртлүүлсэн хэвээр байсан юм.

Намайг хүргэж өгсөн тэр оройн тухай дурсамжаа мартаагүй байгаа гэж үү. Чиний бодлыг тэр үед би тааж мэдсэн ч болоосой. Дуу шуугүйхэн намайг давхарт чинь гаргаж өгчихөөд, дараа нь шатаар зугатах мэт гүйж одсон чамд би гомдох ч мэт санагдаж байсан. Учир нь намайг хүргэж өгье гэж хэлсэнээс хойг дуу чимээгүй болсон чамайг хараад, шал дэмий зүйл хийлээ гэж харуусаж байгаа мэт сэтгэгдэл төрсөн шүү. Шат алгасан харайхад бодол минь улам батлагдаж, тиймээ би гунигласан. Чамайг ямар нэг зүйл, юу ч хамаагүй надтай ярилцаасай гэж би хүсч байсан юм.

Чиний тухай гэгээн мөрөөдлөө би төгсөх курсдээ орхисон гэдгийг чи нэгэнт тааварлаж мэдсэн бололтой. Тиймээ, ангийн хаалгаар чамайг дуудан, дотно гэгч үнсэн мэндчилэх царайлаг тэр охиныг харсан даруйдаа зүрх минь юутай ихээр харамсан гашуудсан гэж санана. Сургуулийн хаалгаар чи ч хөтлөлцөн гарч одсон, сүүлийн цагийн хичээлийг би ч таслан гэртээ харьсан. Хэнээс ч ичээгүй ээ, гудамжаар гашуун нулимс урсган алхахдаа. Хацар минь нулимсандаа түлэгдээд улайчихсан, хүмүүс намайг эргэн эргэн харсаар байсан. Чамайг би юутай ихээр харамлаж байсан гээч. Чиний нүдэнд торох сайхан бүсгүй болж төрөх минь яавдаа гэж тэр оройн турш өөртөө харамсан уйлж өнгөрөөсөн. Азтай төрсөн найз охинд чинь бас атаархаж байснаа би нуухгүй ээ.

Маргааш нь би хичээлдээ эртлэн очсон ч сэтгэл минь дэндүү эмзэг, дэндүү шаналалтай байсан. Халуураад байгаа юм уу гэсэн найз охины үг надад авралын үг мэт санагдсан. Хэд хоног бусдын нүдэнд би халуунтай явсаан. Цаг хугацаа аргагүй л эмч юм билээ. Хоног өдрүүд урсан өнгөрч миний халуун аажмаар буурч, жирийн амьдралдаа эргэн орсон. Жирийн амьдрал аз жаргалгүй байсан, ямарч найдлагагүй байна гэдэг үнэхээр хэцүүг тэгэхэд л би ойлгосон. Гэхдээ би нэг л зүйлд гайхсаар байсан. Чиний үе үе надруу ширтсээр байсан тэр харцыг би ойлгоогүй. Миний найдвар нэгэнт замхран одсон атал чи юунд надруу ингэтэл харна вэ гэж би гайхшран боддог байсан. Тиймээ би дахин найдаагүй.

Сүүлчийн шалгалтаа өгөөд ангиараа салхинд гарсан тэр оройг би саяхан юм шиг л санаж байна. Чи надад юм хэлэх гээд ч байгаа юм шиг, тэр үдэш нэг л өөр байсан. Би золтой л дахиад найдаж эхлээгүй шүү. Тэр өдөр чи миний анхаарлыг үнэхээр татаж, намайг ихээр догдлуулж байсан гэдгийг би хэлэх хэрэгтэй. Гэхдээ хэзээ ч дахин найдах хэрэггүй юм байна гэдгийг би тун удахгүй олж мэдсэн, бас харамсан уйлсан. Чи холын хол явахаар хамаг бүхнээ зэхсэн байсан биздээ. Найдах хэрэггүйгээ мэдсээр байж дахин чиний тухай элдэв горьдлого тээж зүрхэлсэн өөртөө л гомдсон гэх үү дээ. Сэтгэл минь хоосорсон хэдий ч, согтуурхан унтсан чиний толгойд дэр ивэлгүй хажуугаар чинь өнгөрч чадаагүй нь үнэн.

Ажлын шаардлагаар англи хэл надад үнэхээр их хэрэгцээтэй болсон. Надад тохироогүй энэ ажлыг хоёр жил хийсний дараа би төлбөрийн хямдыг, сургалтынх нь боломжтойг харгалзан үзээд, Малайз улсыг зорихоор зэхэхдээ чамайг суралцаж байгааг бараг мартсан байсанд уучлаарай намайг. Хэдхэн хоноод товлосон газартаа очихоор хамаг бүхнээ зэхэн суусан энэ үдэш чиний захидал илбийн юм шиг л нисээд ирсэн. Би эхлээд гайхсан, дараа нь эргэлзсэн, эцэстээ уйлсан. Гэхдээ энэ баярын нулимс байсан шүү. Хэд дахин уншиж, бас нилээдгүй цаг өнгөрсөн бүхнийг эргэцүүлэн бодож чинийхээ илгээсэн жаргал хүссэн захидлын хариуг бичиж сууна. Энэ захиаг илгээсэн даруйдаа нисэн одож, цаг хугацааг товчлон очоосой гэж тэсгэлгүй догдон сууж байна би.

Тиймээ би чамдаа очно, чиний гараас цэцгийн баглааг эргэлзэлгүйгээр тосон авна. Энэ амьдрал ээдрээтэй хэдий ч, чи бид хоёрыг дахин салгаж чадахгүй гэдэгт итгэлтэй байна. Тиймээ хайрт минь би очиж явна, чинийхээ гараас дахин хөтлөөд, хэзээ ч салахгүй гэдгээ шивнэн хэлэхээр би яаран яаран очиж явна.

Чамайг хайрласан …. чинь

Жаргал хүссэн хайрын захидалын хариу

Cайн байна уу ангийн анд минь. Бүтэн дөрвөн жилийн дараа, их сургуулийн аз жаргалтай мөчүүдийн хамтдаа үдсэн ангийн анд чиний амрыг эрэн мэндчилэхэд таатай байна. Чиний бичсэн хайрын захиаг гэнэтхэн би хүлээн аваад, юу бодохоо мэдэхгүй хэсэг бодолд автан суулаа.

Энэ бүхэн надад дэндүү гэнэтийн зүйл байсан гэдгийг би хүлээн зөвшөөрч байна. Чамаас сэтгэлээ уудлан илчихсэн захиа ирнэ гэж зүүдэндээ ч бодож байгаагүй болохоор тэр дор нь яаран хариу бичээгүйг минь уучлана биз дээ. Захиаг чинь аваад бүхэл оройн турш хэдэн удаа уншсанаа би анзаарсангүй ээ. Энэ бүх хугацаа урсан өнгөрсөн хойно өнөөг хүртэл чи надад сэтгэлтэй байж, тэр бүү хэл одоо ч санан дурсаж суудаг гэсэн мөрийг уншаад би өөрийн эрхгүй тэртээх дөрвөн жилийн өмнөх даруухан боловч хүчтэй дурлалаа эргэн саналаа.
Тиймээ тэр үед би дөнгөж дунд сургууль төгссөн жаахан балчир охин байсан. Ангийн хэсэг хүүхдүүд үлдээд яриа өрнүүлэн суусан тэр үдшийг одоо ч би сайн санадаг. Нэг ч өлөн хир суугаагүй цэмцийсэн хувцастай, нүдэнд дулаахан хүүгийн нүүрэмгий ярианд би автахгүй байж чадаагүй юм. Гэхдээ яагаад ч юм энэ хүү намайг тоож харахгүй байхдаа гэж сэмхэн дотроо гуниглаад авсаныг чи яаж мэдэх билээ. Ахиад хэдхэн хоногийн дараа гэхэд би аль хэдийнэ анхны хайртайгаа учирлаа гэдгээ өөрөө ойлгосон сон. Тиймээ тэр үед чи надтай ярих нь бүү хэл, ойрхон ч суудаггүй хүү байснаа одоо эргэн санаж байгаа байх. Надад дургүйдээ л зугатааж суугаад байдаг гэж би тэр үед таамаглаж, сэтгэл минь зовиуртай байдаг байсан. Гэхдээ хааяа хааяа тулгардаг байсан харцаа би эргэн санах бүртээ хамаг нүүр минь халуу шатах мэт ичингүйрч, мөрөөдөлдөө би аль хэдийнэ чинийх болчихсон нисч явдагсан. Миний өрөөсөн бээлийг энэ олон жилийн турш гээж орхилгүй хадгаллаа гэж үү чи. Зүүд биш байгаа даа гэж бодогдоод байна.

Нэгэнт чи өөрийн сэтгэлийг дэлгэн бичсэн болохоор би ч бас өөрийн юу бодоэ санаж явсанаа ний нуугүй хэлэх нь зүйтэй гэж бодлоо. Анхны хайр бүтэлгүйтдэг гэдэгтээ би харин санал нэг байдаг байсан. Чиний тухай олон мөрөөдлөөр би зүрхээ тэтгэн, оюутны хөлгүй далай мэт амьдралыг туулж өнгөрүүлсэн. Чамд өөрийгөө ойлгуулах гэсэн оролдлого бүхэн минь бүтэлгүйтдэг гэж би боддог байлаа. Гэхдээ ор тас мартая гэж бодох бүр хацрыг минь улайтал мөргөлддөг чи бид хоёрын харц намайг өөр хүнд дурлахыг хүлээн зөвшөөрөлгүй, олон жилээр найдлага өвөртлүүлсэн хэвээр байсан юм.

Намайг хүргэж өгсөн тэр оройн тухай дурсамжаа мартаагүй байгаа гэж үү. Чиний бодлыг тэр үед би тааж мэдсэн ч болоосой. Дуу шуугүйхэн намайг давхарт чинь гаргаж өгчихөөд, дараа нь шатаар зугатах мэт гүйж одсон чамд би гомдох ч мэт санагдаж байсан. Учир нь намайг хүргэж өгье гэж хэлсэнээс хойг дуу чимээгүй болсон чамайг хараад, шал дэмий зүйл хийлээ гэж харуусаж байгаа мэт сэтгэгдэл төрсөн шүү. Шат алгасан харайхад бодол минь улам батлагдаж, тиймээ би гунигласан. Чамайг ямар нэг зүйл, юу ч хамаагүй надтай ярилцаасай гэж би хүсч байсан юм.

Чиний тухай гэгээн мөрөөдлөө би төгсөх курсдээ орхисон гэдгийг чи нэгэнт тааварлаж мэдсэн бололтой. Тиймээ, ангийн хаалгаар чамайг дуудан, дотно гэгч үнсэн мэндчилэх царайлаг тэр охиныг харсан даруйдаа зүрх минь юутай ихээр харамсан гашуудсан гэж санана. Сургуулийн хаалгаар чи ч хөтлөлцөн гарч одсон, сүүлийн цагийн хичээлийг би ч таслан гэртээ харьсан. Хэнээс ч ичээгүй ээ, гудамжаар гашуун нулимс урсган алхахдаа. Хацар минь нулимсандаа түлэгдээд улайчихсан, хүмүүс намайг эргэн эргэн харсаар байсан. Чамайг би юутай ихээр харамлаж байсан гээч. Чиний нүдэнд торох сайхан бүсгүй болж төрөх минь яавдаа гэж тэр оройн турш өөртөө харамсан уйлж өнгөрөөсөн. Азтай төрсөн найз охинд чинь бас атаархаж байснаа би нуухгүй ээ.

Маргааш нь би хичээлдээ эртлэн очсон ч сэтгэл минь дэндүү эмзэг, дэндүү шаналалтай байсан. Халуураад байгаа юм уу гэсэн найз охины үг надад авралын үг мэт санагдсан. Хэд хоног бусдын нүдэнд би халуунтай явсаан. Цаг хугацаа аргагүй л эмч юм билээ. Хоног өдрүүд урсан өнгөрч миний халуун аажмаар буурч, жирийн амьдралдаа эргэн орсон. Жирийн амьдрал аз жаргалгүй байсан, ямарч найдлагагүй байна гэдэг үнэхээр хэцүүг тэгэхэд л би ойлгосон. Гэхдээ би нэг л зүйлд гайхсаар байсан. Чиний үе үе надруу ширтсээр байсан тэр харцыг би ойлгоогүй. Миний найдвар нэгэнт замхран одсон атал чи юунд надруу ингэтэл харна вэ гэж би гайхшран боддог байсан. Тиймээ би дахин найдаагүй.

Сүүлчийн шалгалтаа өгөөд ангиараа салхинд гарсан тэр оройг би саяхан юм шиг л санаж байна. Чи надад юм хэлэх гээд ч байгаа юм шиг, тэр үдэш нэг л өөр байсан. Би золтой л дахиад найдаж эхлээгүй шүү. Тэр өдөр чи миний анхаарлыг үнэхээр татаж, намайг ихээр догдлуулж байсан гэдгийг би хэлэх хэрэгтэй. Гэхдээ хэзээ ч дахин найдах хэрэггүй юм байна гэдгийг би тун удахгүй олж мэдсэн, бас харамсан уйлсан. Чи холын хол явахаар хамаг бүхнээ зэхсэн байсан биздээ. Найдах хэрэггүйгээ мэдсээр байж дахин чиний тухай элдэв горьдлого тээж зүрхэлсэн өөртөө л гомдсон гэх үү дээ. Сэтгэл минь хоосорсон хэдий ч, согтуурхан унтсан чиний толгойд дэр ивэлгүй хажуугаар чинь өнгөрч чадаагүй нь үнэн.

Ажлын шаардлагаар англи хэл надад үнэхээр их хэрэгцээтэй болсон. Надад тохироогүй энэ ажлыг хоёр жил хийсний дараа би төлбөрийн хямдыг, сургалтынх нь боломжтойг харгалзан үзээд, Малайз улсыг зорихоор зэхэхдээ чамайг суралцаж байгааг бараг мартсан байсанд уучлаарай намайг. Хэдхэн хоноод товлосон газартаа очихоор хамаг бүхнээ зэхэн суусан энэ үдэш чиний захидал илбийн юм шиг л нисээд ирсэн. Би эхлээд гайхсан, дараа нь эргэлзсэн, эцэстээ уйлсан. Гэхдээ энэ баярын нулимс байсан шүү. Хэд дахин уншиж, бас нилээдгүй цаг өнгөрсөн бүхнийг эргэцүүлэн бодож чинийхээ илгээсэн жаргал хүссэн захидлын хариуг бичиж сууна. Энэ захиаг илгээсэн даруйдаа нисэн одож, цаг хугацааг товчлон очоосой гэж тэсгэлгүй догдон сууж байна би.

Тиймээ би чамдаа очно, чиний гараас цэцгийн баглааг эргэлзэлгүйгээр тосон авна. Энэ амьдрал ээдрээтэй хэдий ч, чи бид хоёрыг дахин салгаж чадахгүй гэдэгт итгэлтэй байна. Тиймээ хайрт минь би очиж явна, чинийхээ гараас дахин хөтлөөд, хэзээ ч салахгүй гэдгээ шивнэн хэлэхээр би яаран яаран очиж явна.

Чамайг хайрласан …. чинь

Жаргал хүссэн хайрын захидал

Хайрт минь дээ. Чамайг ингэж дуудах эрхтэй, үгүйгээ мэдэхгүй боловч хамгийн эхний удаа бичиж үзлээ. Чамдаа бичсэн энэхүү хайрын захиа маань миний хувьд анхны бөгөөд бас сүүлчийн удаа бичиж үзэж байгаа захидал юм шүү. Захианыхаа хариуг зүрх минь догдлон хүлээж суух болно. Чамаас ирэх хариу намайг хамгийн их аз жаргалтай аль эсвэл зүрх шаналгасан гуниг дүүрэн нэгэн болгох байх даа. Ингээд захиагаа эхлэе. Их сургуулийн босгоор давж амьдралд хөл тавин тал тал тийшээ салснаас хойш 2 жилийн дараа гэнэт ийм захидал бичсэнд бүү гайхаарай, хожмын өдөр амаа барьж харуусалд элэгдэн суухгүй тулд зүрхлэн бичсэн тул заавал дуустал минь уншаарай. 
Хайрт минь би хувьдаа анхны харцаар дурлал ирдэг гэдэгт итгэгч тун цөөхөн хүний нэг нь билээ. Энэ талаар нилээн хүнтэй маргалдсан ч харамсалтай нь итгэдэг хүн маш цөөхөн байдаг юм байна лээ. Анх их сургуулийн босгоор үнэхээр жаахан хүүхэд алхад орж ирсэн сэн. Тэгээд хэдхэн хоноод ангийн маань хэдэн хүүхэд үлдэж хоорондоо сайхан танилцая хэмээн оройны 10 хүртэл ангидаа буу халцгаасныг санаж байна уу. Тэр дунд үлдэхдээ л би чамайг анх олж харсан юм даа. Хожим сонсохнээ чи ч бас намайг бас бусдаас арай өөр нүдээр харсан гэнэ лээ. (Үнэн байгаасай) Тэр өдөр нэг л мэдэхэд би хичнээн ч их зүйл ярьсаныг бүү мэд, ихэнхийг нь л чамд зориулан ярьж байсан. Гэтэл би чинь барагтай л бол танихгүй хүмүүстэй яриа дэлгээд байдаггүй, хүмүүсийн тодорхойлсоноор даруухан, хаалттай хүн шүү дээ. 

За тэгээд анхны ангиараа хамтдаа явсан цасны баярыг дурсалгүй өнгөрч болохгүй ээ, 4-н чарга холбоод бөөнөөрөө дуу шуугиантай явж байгаад онхолдсон оо санаж байна уу. Дараа нь гэнэт чиний бээлий алга болчихсон байсныг. Миний хажууд уначхаад хэн ч анзаараагүй болохоор. Би аваад босч хувцасаа гүвж байх хоорондоо сэмхэн аваад хармаалчихсан юм шүү дээ. Тэрнээс хойш хичнээн ч удаа гэртээ чинийхээ бяцхан өрөөсөн бээлийг өмсөж өөрийгөө баярлуулдаг байв даа. Багтахгүй ч гэсэн чихэж өмссөөр байгаад бараг сунах шахсан байгаа бээлийг одоог хүртэл хадгалсаар байгаа гэвэл чи хайранд маань итгэх байхаа. Тэр өдөр хүсээд хүсээд чамтай чаргаар гулгах зүрх хүрээгүй билээ, гэхдээ нэг удаа харц мөргөлдсөндөө дотроо их л маадгар явсан сан. 

Дараа жил нь бас л ангиараа 2-р курсээ төгслөө гээд лагер явж нийллэг хийснээ эргээд сана даа. Бүгдээрээ зузаан курткатай хаврын сүүлчийн сарын бүлээхэн салхинд шахалдан шөнө дунд өнгөртөл гадаа сууцгаахад бас л хажууд чинь сууж зүрхлээгүй ч гэлээ, яг нэг хүний цаана оройжин хөдлөлгүй суусныг чи ажигласан л байх даа. Тэгээд голдоо дэлгэсэн зүйлээс аль амттай гэсэн чихэр жимсээ бас л харанхуйг далимдуулан чиний өмнө рүү сэм сэмхэн дөхүүлсээр л суусан билээ. Энэндээ бас л сэтгэл хангалуун сууж байсныг чи минь мэдээгүй байж магад. 

Ингээд 3-р курс айлчлан ирлээ. Чи минь сурлага сайтай, бас нэг шалгалтан дээр ардаа суусан надад дэвтрээ харуулахсан гэсэндээ тун эвгүй хажуулдаж суугаад байсныг чинь би мэдсэн шүү :) . Дэвтэр чинь хэдий илхэн харагдаж эхэлсэн ч гэлээ чиний сэтгэлд би байж магад гэсэн анхны найдлагын оч надад төрөөд, хуулахаасаа илүү дотроо мөрөөдөлд умбаад шалгалтын цаг өнгөрсөн дөө. Гэхдээ шалгалт дуусах хүртэл надад дэвтрээ улам тод харуулах гэж оролдож байгаа чи минь үнэхээр хөөрхөн харагдаж байсныг зүрхэндээ санасаар л байгаа. 

Аз болж 3 курс дуусах дөхсөн үед манайхан нэг бут шоудаж билээ. Шөнийн 3 цагт эхнээсээ арай гэж тарцгааж билээ. 150гр татчихаад байсан би тэр зоригтоо анх удаа чамайг гэрт чинь хүргээд өгье гэд дуугарч билээ. Чухам тэр үгийг л хэлэх гэж уусан юм шүү дээ, тэрнээс уудаггүй хааяа пиав энэ тэр жаахан л уудгийг минь эрх биш нэг ангийн чи мэдэж байгаа гэж найдая. Азаар чи аяархан за гэж дуугарсанаар чичрээд байсан хөлийн өвдөгийг минь байранд нь оруулахад туслаж билээ. Үнэндээ би гэрийн чинь хаягийг цээжээрээ мэдэж байсан юм, яаж гээч ангийн даргыг панаалдаж байгаад хувийн хэргийг чинь бүгдийн уншаад орхисон гээч хэхэ. Шимтэн уншаад дараа нь гэрийн чинь хаягыг сайтар цээжилсэн юм даа. Таксинд суухдаа чимээгүй л яваад байсныг минь уучлаарай, би дотроо тувт орцонд чинь оруулж өгөөд яах вэ гэдгээ л бодоод тун хэцүү явж байсан юм. Давхарт чинь гаргаж өгөөд хацар дээр чинь зөөлөн үнсээд сайхан амраарай гэж хэлье гээд хатуу шийдсэн хүн танай давхарт гарч ирсэн л дээ. Цааш нь юу болсоныг чи сайн мэдэж байгаа байх даа. Хэл чимээгүй танай давхарт доошоо хараад зогсоход минь чи сайхан амраарай хэмээн хэлж билээ. Харин би тэнэг юм шиг за гэхээс өөр нэг ч үг дуугаралгүй шат алгасан пир пир гээд гүйж одсон тиймээ. Хэрвээ цонхоороо харсан бол би замын чулуунуудын хагартал өшигчин өөртөө уурлаж явсан сан. За байхдаа яахав дээ гэж нэг биш удаа бараг сарын дараа хүртэл үе үе өөртөө уурлаж өөрийгөө хараадаг байлаа. Ингээд л 3 курс өнгөрч билээ. 

Нуулгүй хэлэхэд 4-р курст орох жилийн зун би нэг охинтой нилээд дотоссон билээ. Чи ч бараг гадарласан байж магад, дараа нь манай ангиар хэд хэд эргэлдээд байсан. Тэрэндээ бараг хайртай ч юм болов уу гэж бодсоор 9 сард ангийнхаа хаалгаар би орж билээ. Оронгуутаа л чамайгаа нүдээрээ хайсан, чи минь надаас түрүүлж ирчихээд найз охидтойнхоо хажууд даруухан мишээгээд сууж байлаа. Үгүй тэр биш, энэ минь миний жинхэнэ хайр гэж сэтгэлдээ би хашгирсан билээ. Би ч хэл үг багатай хаалттай нэгэн, чи минь ч даруухан сайхан охин сон. Тийм болохоороо л хэн хэн маань ямар нэгэн зүйл хийлгүй гар хумхин суусаар энэ олон жилүүдийг үдсэн байна. Миний л буруу л даа, эр хүн гэхэд шийдтэй алхам хийхгүй. Гэхдээ чиний ч бас буруу бий шүү, чиний дэргэд очихоор хамаг хэлэх гэсэн үг мартагдаад би зөвхөн тас хөшөөд зогсолгүй, бүх зүйл маань хяналтаас гараад өөр хүн юм шиг л өөрийгөө удирдаж чаддаггүй болчихдогыг чи гадарладаг байхаа. 

Ингээд л хонхны баяраар чамдаа сэтгэлийнхээ үгийг заавал хэлээд чиний үгийг сонсоё гэж бас л дотроо хатуу шийдсэн байлаа. Чиний зүгээс надад хайртай сайн гэсэн ямар ч үйлдэл бараг гардаггүй /дээрх шалгалтыг эс тооцвол/ байсан болохоор би өөртөө тийм ч их итгэлтэй байгаагүй ээ. Гэхдээ нилээдгүй мөргөлддөг харц маань надад чамд хайртай байхаа гэж найдлага өгдөг байлаа. Тиймээс би өөрт чинь 4 жил дурлаж явсанаа хэлээд үерхдэг бүсгүй минь болооч /эсвэл насны минь хань болооч гэх үү гэж бас их бодсон шүү/ гэж гуйхаар шийдсэн. Оройхон хэрд хэрлье гэж шийдсэн маань бас л миний хулчгар шийдгүй зангаас болсон хэрэг. Сэрүү унаад эхлэхэд сургуулиа төгсөөд яах тухайгаа хэсэг нөхөд ам уралдан ярьж суухсан тэр хүрээнд би байсан, харин бүрий болж эхлэж байсан тул чамайг ирж суусныг мэдээгүй ээ. Гэрийнхэн маань 7 сар өнгөрөөгөөд Малайз улсруу сургуульд явуулахаар бүх зүйлийг минь бэлдсэн тухай би ам халан бүхнийг ярьтал нэгэн хүн гүйгээд босоод явахад л чамайг ирж суусныг анзаарсан билээ. Ээ тэнэгээ гэж дотроо өөрийгөө хараагаад тэр дороо босч чиний хойноос явсан, надад хайртай юм байна гэсэн бодол зүрх харван орж ирж би итгэлтэйгээр чиний хойноос явсан. Даанч чи бүтэлгүй хайрыхаа хойноос орйжин бараг шөнөжин бусдаас зайдуу уйлсан нэгэн охины дэргэдээс салаагүй дээ. Би тийшээ 2 ч очсон та хэд түүнийг тойроод л заримдаа аргадаад л, заримдаа загнаад л байсан. Ерөөсөө дуудая гэж ганц зүрхлээд очиход минь чи уйлчихсан сууж байлаа, чухам надаас болсон уу найзыгаа өрөвдсөн үү гэдгийг би ялгасангүй. Гараараа даллан дуудахад минь чи харсан хирнээ доошоо тонгойгоод дахиж надруу хараагүй тиймээ. 

Тэгээд л би тэр орой архи гэгчийг зөндөө ууж өдөр буцахаас арай өмнө шиг арай ядан толгойгоо дааж боссон билээ. Ингээд л сүүлчийн оролдого маань бүтсэнгүй дээ. Гэхдээ намайг өглөө сэрэхэд дэр дэрлүүлээд, гутлыг минь тайлаад эвтэйхэн унтуулчихсан байсан хүн чи биш гэж үү. Би мөн гэж бодож байна. 

Чиний бүх нууцын тухай дөнгөж өчигдөрхөн сонслоо. Бүхэл шөнөжин нэг ч дугхийлгүй зөвхөн чиний тухай бодож хонолоо. Би хэдийгээр энэ тэр бүсгүйд мэссэж бичиж хамтдаа шоудаж, заримтай нь дотноссон удаа байгаа ч гэлээ чин үнэн зүрхний минь хайр зөвхөн чамд гэдгээ үнэнээр нь бичиж байна. Тиймээс ч би энд 2 жил болохдоо зөвхөн чиний тухай бичиж, ангийн нөхдөөсөө чинийн тухай сураг асууж бас ангиараа авахуулсан зургаасаа чиний зургийг сэмэртэл ширтэж сууна. Гэтэл чи минь бас энэ хугацаанд надад хайртай байсан тухайгаа ангийн охинд уулзахдаа сая хэлсэн байх юм. Чи минь их сургуулийн 4-н жилийн турш орь ганцаараа, хүнд нүүр өгөлгүй явж ирсэнийг бүгдээрээ л мэддэг шүү дээ. Чи минь одоо надад хайртай юу, тэр үеийнх шигээ надад хайртай хэвээрээ юу. Харин би чамдаа хайртай. Би одоо тэр үеийнх шигээ хулчгар шантрамтай хүү биш болсон. Би алдаагаа засаж чинийхээ насан туршийн халамжит сайн хань байж чадна. Харин чи минь надад хайртай хэвээрээ бол нэг насны минь хайр, зөвхөн миний амраг минь болооч гэж чин сэтгэлээсээ гуйж байна. 

Энэхүү захиаг яаран бичих учир гэвэл ирэх сарын 4 өдөр энэ сургуулийнхаа сүүлийн 2 жилийг сурч төгсөхөөр Малайз улсаас Америк дах салбарруу нь нисэхээр бүх зүйл маань жин тан болсон. Харин чамайг ажлаа орхиод хэлний курст суухаар Малайз улсад ирэх сарын 7 өдөр нисэн ирэхийг чинь мэдлээ. Чи бид 2 зөрөх учиргүй ээ. Чиний хайр хэвээрээ бол би Америк нисэхгүй ээ, тэвэр дүүрэн цэцгийн баглаатай нисэх онгоцны буудлаас чамайгаа тосон авах болно. Тэгээд 2 лаа дахиад яасан ч салахгүй ээ. Чи намайг л гэж хаа холоос Малайз улсыг сонгон ирж байгаа байх гэж би дотроо найдлага тавин бодож сууна. 
Харамсалтай нь одоо чамайг надад хайртай хэвээрээ эсэх, хэн нэгэнтэй учирсан эсэхийг чинь би огтхон ч мэдэж чадсангүй, олон цаг утас цохин байж олсон, өдөр болгон шалгадаг электрон шуудангийн хаягруу чинь энэхүү захиаг илгээж байна. Би харин компьютерийнхаа дэргэж хариу иртэл салахгүй эргэлдсээр байх болно. 

Чиний минь ирэх захиа надад аж жаргал, зовлон шаналал алиныг авчрахыг би мэдэхгүй байна. Хайрт минь чинь чиний сэтгэл надад хэвээрээ тэгээд бас зүрхний минь үгийг сонссон бол миний насны хайр болохыг зөвшөөрөөч дээ. 

Хариуг цаг минут тутамд хүлээн суух 

Чиний хайртай ...... чинь. 

Хөөс

Нэрс жимсний амтлаг үнэр аппетит хөдөлгөв. 
Хөх өнгийн, исгэлэн хэрнээ чихэрлэг үнэртэй шингэнээс онгоц дүүрэн усанд багахныг хийгээд гараараа цалгиулан хөөсрүүллээ. 
Төд удалгүй ванн сэвсийсэн цагаан хөөсөөр дүүрэв. 
Зурвас харахад сүүн кремтэй бялуу шиг. 
Нэг л дутуу санагдаад болсонгүй. 
Гэрлээ унтраагаад, угаалгын өрөөний булангуудад лаа байрлууллаа.
Бас цэцгийн вааранд 7 хоноод бараг хатаж дуусаад байсан хэдэн сарнайн дэлбээнүүдийг нэг нэгээр нь хөөсөндөө тараав. 
Гэрэлтэй, харанхуйн хоорондох бүүдгэр өрөө, нэрсний үнэр, ягаан цагаан улаан холилдсон дэлбээнүүд. 
Одоо л нэг кинон дээр гардаг шиг романтик, амар амгалан орчинг өөртөө ийн бүрдүүлсэндээ сэтгэл яагаад ч юм “хөөсрөөд, хөөрөөд” явчихав. 
Дурлахад төрдөг мэдрэмж яг ийм байдгийг саналаа. 
Харин нар шингэсний дараахан тэнгэрийн үүл энэ хөөс шиг харагддагсан. 
Тэр үүлэн дунд бушуухан хөвөх гэж би хачин их адгав.
Бүх хувцсаа тайлаад, өлмийгөө болгоомжтой нь аргагүй усанд дүртэл хөл минь сэвсийсэн их хөөсөн дунд алга болчихлоо. 
Инээд хүрмээр. Дараа нь бүх биеээрээ алгуурхан хэвтэв. 
Намайг хөөсний ширхэг, бөмбөлөг бүр өлгийдөөд авчих шиг.
Хэсэг хугацаа өнгөрөхөд энэ мэдрэмж хэн нэг үл таних залуугийн гар биеийг минь тэр чигт нь илбэж байгаатай адил зүрх булиглуулсан байдлаар солигдов.
Би хөөсөн дунд биш, ванн дүүрэн хайран дунд хэвтээд байгаа юм шиг сэтгэл минь туйлын амгалан, хөдөлгөөн бүр минь ялдам болчихлоо. 
Хуруугаараа хэсэгхэн хөөс тасалж аваад лааны бүдэгхэн гэрэлд нарийхан шилбээ угааж эхлэв.
Дараа нь түүнээсээ дээшлэн гуя, бэлхүүс, цээжээ бүгдийг нь “хайр”-аар энхрийлэн угаав. 
Би ийм тачаангуй биетэй билүү? Урьд нь хэтэрхий туранхай, галбиргүй гэж боддог байсан биеэндээ жигтэйхэн дурлалаа.
Ерөөсөө бүсгүй хүн хэн нэгэнд хайрлуулж, түүнийхээ халамжинд умбаж шумбаагүй цагт өөрийнхөө гоо үзэсгэлэнг бүрэн мэдэрч чаддаггүй аж.
Усны гүн лүү шигдэх тусам улам халуун илч намайг бүрхэн авч байлаа. Тааламжтайяа мишээв. Бодит амьдрал зүүд зэрэглээ шиг холдож, харин зүүд зэрэглээ бодит амьдрал шиг минь санагдаж эхэллээ. Нүдээ аниад энэ орон зайгаас ханатлаа сэтгэлийн таашаал авахыг хүсэв.
Гучин хором өнгөрлөө. Ус аажим аажмаар хөрч эхлэв. Хөөс ч багасч байлаа. Саяхан л эд эс бүрийг минь халуу дүүгүүлж байсан тэр “хайр” ийм хурдан хөрөөд эхлэх ч гэж. Дахиад хорин хором өнгөрөхөд тэсэхийн аргагүй хүйтэн болж эхлэв. Би бушуухан уснаас гарахын түүс боллоо. Онгоцны бөглөөсийг авахад ус аажим аажмаар доошоо эргүүлэг адил мушгиран оров. Бага багаар шавхарсаар. “Сэтгэл” минь хаашаа урсачихаж байгаа юм бол? Хайр дуусч байлаа.
Магадгүй би өөрөө хайраас зугтахыг хүссэн байх. Хөрөхөөс нь өмнө халуун усаар сэлбэж болох л байсан. Гэвч тэгээгүй. Харсаар байж бүгдийг нь урсгаж орхив. Зүүд зэрэглээ бүдгэрч би бодит амьдралдаа эргэн ирэв. Өөрөө өөртөө бүрдүүлсэн миний бичил романтик орчин дахь зүрхний үлгэр төгслөө. Хөвөн зөөлөн алчуураар бүх биеэ ороогоод, гэрийн шаахайгаа углав. Толинд харан үсээ самнаж байтал ванны ёроолд тунаран үлдсэн сарнайн дэлбээнүүд нүдний үзүүрт торойн үзэгдэв. Би тэднээс нэгийг нь авч хадгалахаар шийдлээ. Түрхэн зуур ч болов намайг үүлэн дунд аваачсан сайхан “хайр”-ын үлдээсэн дурсамж байх. Энэ дэлбээ хожмын нэг цагт энэ өдрийг санагдуулна. Тэр үед би инээмсэглэнэ..жаргалтайяа.

Sienna

Өгүүллэг 
Бушуухан хичээл тараасай хэмээн дотроо бухимдах тусам Анхилыг уурлуулах гэсэн мэт цаг хугацаа зогссон мэт нам гүм. Цагаа дахин хартал бараг 20-н минут дутуу байхаар нь доод уруулаа хазлан байж урдхан ширээнд суусан Сартуулыг харвал хажуудаа суусан охинтой түрүүний адил инээд алдан юу ч юм шивнэлдэн байлаа. Үгүй ер лекцээ бичдэг болоосой, хичээл тарсаны дараа лекц нөхөх нэрийдлээр бас номын санд сууж бас охидтой марзагнах гэж байгаа юм, өнөөдөр эртхэн ирэхгүй яав аа дахиж л орой болтол дэмий зурагт үзэхгүй юм шүү хэмээн Анхил бухимдан байж ядаж суулаа.

2-р курсынхэн бүгдээрээ бүтэн долоо хоногт 2 удаа л хамтдаа лекцэнд суудаг билээ. Чухам энэ л өдрүүдэд Анхилын нар гийж өөрөөс нь өөр хэн ч мэдэхгүй нууцхан хайрын эзнээ хичээлийн цаг дуустал харан ёстой л хийморио сэргээнэ гэгч болдог байлаа. Энэ өдөр өглөө эрт лекцэндээ гүйх шахам ирээд заавал Сартуулын арын суудалд тухлан суугаад гэмгүй царайлан хүлээдэг сэн. Сартуулын арын суудал гэж онцолсоны учир гэвэл зэргэлдээ ангийн Сартуул залуу том танхимд лекцэнд орохдоо заавал ч гүй нэг ширээнд тогтмол суудаг билээ. Өөр залуу суувал хөөгөөд охид байвал найраад багтахгүй байсан ч заавал тэр ширээн дээрээ сууж байж санаагаа амраадаг байлаа. Сүүлдээ ч бараг Сартуулын ширээ гээд залуус суухаа байж, харин охидууд өглөө эртлэн ирж тэр ширээнд уралдан суугаад Сартуулын хүлээцгээдэг болсон юм. Сартуул биерхүү сайхан залуу, үнэхээр ухаалаг, хичээлдээ сайн тэр хэрээрээ ангийхантайгаа ч , бусадтай ч тэр үл ялиг ихэрхэнгүй бардам харилцдаг байлаа. Гэхдээ тун ч хөгжилтэй нэгэн болохоор түүнийг тойрон бараг л нэг хүрээлэл бүлэг үүсчихдэг байлаа. Анхилын бодлоор цорын ганц дутагдалтай тал нь охидтой дэндүү их марзганадаг юм шиг санагддаг. Анх түүнийг мэдэх болсон цагаасаа л эхлээд өөрийн эрхгүй харуулдсаар яваад нэг л мэдэхэд Анхилын цээжинд хайрын цэцэг дэлбээлчихсэн байжээ.

Ингээд л нөгөө ангийн Сартуулыг харуулдан аз таараад дайралдчихвал бяцхан зүрх нь өөрийн эрхгүй түг түг цохилон арай ядан сайн уу хэмээн мэндэлнэ. Заримдаа хаа нэг Сартуул тааралдахаараа өөрөө эхлээд мэндлэх бөгөөд энэ өдөр Анхилын хувьж ёстой л баяр жаргал дүүрэн өнгөрдөг байлаа. Харамсалтай л тэдний курсын гайгүй гэсэн охидын ихэнх нь Сартуулд хандтай, тэд л хоорондоо өрсөлдөн байж лекцэнд Сартуулын ширээнд хажууд нь наалдан сууж сээтэгнэнэ. Харин Анхил Сартуулын ширээ хоосон байсан ч очоод сууж зүрхэлдэггүй бөгөөд харин арынх нь ширээнд заавал суугаад гэмгүй дүр эсгэн хүлээж суудаг билээ. Сартуул хичээлийн явцад үе үе эргэн харж хойно суусан охидуудад элдэв хөгжилтэй зүйл хэлж инээлгэх бөгөөд энэ үед Анхилын хувьд хамгийн сайхан жаргалтай өдрүүдийнх нь нэг нь болдог байлаа. Анхил цүнхэндээ байнга илүү бал, тэр бүү хэл дэвтэр авч явж Сартуулд хэрэг болвол хамгийн түрүүнд өгнө хэмээн хадгалдаг нь нэг бус удаа нээрээ хэрэг болсон байлаа. Даанч Сартуул түүнийг огтхон ч анзаарч үзээгүй нь харамсалтай боловч бас ч гэж хааяа лекц ороход хойд ширээнд нь суугаад удаа дараа балаар туслаж байсан томоотой тусч охин хэмээн дотроо танимхайрч хаа нэг сургууль дээр дайралдахдаа мэндэлдэг болсонд харин Анхил тун ч ач холбогдол өгөөд баяр хөөр дүүрэн явдаг болсон байлаа.

Өчигдөр орой болтол зурагт үзсэний гор нь өглөө гараад гэрээсээ таксидан байж яаран лекцдээ ирсэнд хүн цөөтэй хичээл эхлэх болоогүй байсан боловч аль хэдийнэ Сартуулын ширээ ч тэр арынх нь ширээ ч тэр түүнийг хүлээсэн өөр өөр ангийн охидоор дүүрчихсэн тэд нар хоорондоо элдвийг ярин инээлдсээр сууж байлаа. Тэгээд л Анхил аргагүй эрхэнд нилээд хойшоо суугаад түүний эргэн тойронд байгаа охидод дэмий л атаархан Сартуулыг хардах зүрхээ тайтгаруулах аргаа олж ядан сууж байгаа нь энэ байлаа. Өөрийнхөө хүссэнээр бол уул нь нэг удаа ч гэсэн хажууд нь суумаар л байна. Даанч зүрх хүрэхгүй нь сайхан юм даа. 

Анхил гэхдээ хамгийн сонин нь Сартуулыг хичээлийн бус цагаар юу хийж яаж явна гэж огт боддоггүй, сургууль дээр бол яаж нэг дайралдах вэ л хэмээн бодож явдаг билээ. Бусад үед нь түүний тухай дотроо л баахан мөрөөдөж түүндээ цадчихаад сэтгэл тайван явдаг мөртлөө сургууль дээр ирэхлээрээ холос ч хамаагүй харж байж сэтгэл амардаг билээ. Бараг жаахан хүүхдийн гэмээр гэнэхэн дурласан байлаа. Тэр нэг харуусал төрсөн өдрөөс хойш Анхил дахин оройтсонгүй хамт ордог лекц болгон дээрээ л Сартуулын хойно суусаар байлаа. Сартуул түүнтэй мэндэлдэг хэдий ч нэрийг нь ч сонирхож асуухгүй л байлаа.

Удахгүй болох шинэ жилийн баярыг л Анхил тэсэн ядан хүлээж байна даа. Нүдээ гартал гоёчихоод Сартуулыг бүжигт заавал урьна даа. Дээр үеийнхэн шиг цэнгээнт бүжиг бүжиглэдэг байх нь яав. Гэхдээ л уянгын ая явангуут нь л шууд урьчихая. Тэртээ тэргүй ихэнх хүмүүс халаалт авчихсан байдаг болохоор Анхилыг хэн л анзаарав гэж. Анхил ийнхүү бодсоор хоног тоолон шинэ жилийн баярыг хүлээлээ.

Нүд гялбам өнгөлөг зураг нүүрэн дээр нь наалттай нэрэндээ тохирсон Гялбаа сэтгүүлийг Анхил хэргээр худалдан авч үзлээ. Шинэ жилийн төрөл бүрийн гоёлын нүүр будалтуудын тухай мэдээллүүд этгээд сонин будалттай зургууд, хамгийн гол нь нүүр будагчийн нэр холбогдох утасны дугаар байлаа. Ашгүй дээ. Энэ чинь л хэрэгтэй байсан юм. Утасдаад асуулаа. Ээ яасан үнэтэй юм бэ 15-20 доллар гэж байна. Оюутан хүнд нилээн их мөнгө юм байна. Гэхдээ л ганц удаа ч болов мөрөөдлөө биелүүлэх гэж зүтгэж байгаа Анхил яаж ийгээд заавал нүүрээ ийм гоё өвөрмөц будуулна даа. Жирийн үед ч будаг бараг хэрэглэдэггүй Анхил ингэж будуулбал энэ модель бүсгүй шиг гоё зохих болов уу хэмээх бодол зурс хийн орж ирлээ. Одоо энэ шигээ гоё палааж л олох хэрэгтэй найзууд, найзуудын эгч нар, түрээсийн газрууд гээд бүх нь боломжоороо хайя, туфль өөрт нь байгаа гологдохгүй байх. Хамгийн гол гоёл бол онцгой гоёмсог палааж гэхдээ тийм гоё палааж худалдаж авч чадахгүйгээс хойш олох л хэрэгтэй.. Шинэ жилийн баяр ойрхон ирлээ. Удахгүй 5хан хоног үлдлээ.

Анхил өглөө эрт сайн ч унтаж чадалгүй догдолсондоо сэрж орхилоо. өнөөдөр тэдний сургуулийн шинэ жилийн үдэшлэг болно. Оройн 6-н цагаас эхлэх баярт Анхил хамгаас онцгой бас сэтгэл булаам харагдах ёстой. Сартуулын арын ширээнд тогтмол суух зориг гардаг юм чинь өнөөдрийн үдэшлэг дээр Сартуулыг урих зориг байгаа л гэсэн үг. Анхил оройн баярт зориулсан даашинзаа аваад захиалга өгсөн нүүр засалчруугаа 3 цагт явлаа. 25 доллар төлөөд үсээ ч бас хамтад нь засуулахаар тохирсон байлаа. Гэрийнхэнийх нь өгсөн мөнгөнөөс цаана нь 5-6н мянган төгрөг л үлдэхээр байлаа. За яадаг юм, Сартуултай нэг бүжиглээд л таксидаад харихад болно доо. 

Хөөх . . . Толинд хараад Анхил өөрийн эрхгүй дуу алдлаа. Өөрийгөө ийм хөөрхөн болно гэж үнэхээр даанч толгойд нь бууж байсангүй. Гоо сайханч сэтгэл хангалуун хажууд нь инээмсэглэж байлаа. Үсний засалт нүүр будалтаа эвдэчихнэ гээд даашинзыг нь Анхилд аль хэдийнэ өмсүүлээд суулгасан байлаа. Хүзүүгээ даган янзтай мушгирсан ганцхан туг үстэй гоёмсог засалт, хүний анхаарал өөрийн эрхгүй татмаар бөгөөд атаархам чамин нүүр будалт, даашинзны бяцхан чимэгтэй өнгө ижил гязалзсан дусал чулууг хүртэл нүдний тэнд өвөрмөцөөр наасан байлаа. Баярлалаа. Анхил чин сэтгэлээсээ энэ үгийг хэллээ. Өөрийгөө ийм хөөрхөн гэдгээ олж мэдсэндээ туйлын их баяртай байлаа. Анхилд төлсөн мөнгө нь их санагдахаа ч байсан байлаа. Анхил сэтгэл хангалуун, аз жаргал дүүрэн үдэшлэгтээ гарч явлаа. Сургуулийнхаа хөөрхөнд тооцогдох зарим охидоос ч илүү хөөрхөн, илүү ганган болсон мэт түүнд санагдаж бушуухан Сартуулд өөрийгөө гайхуулмаар санагдаж хөл газар хүрэхгүй үдэшлэгрүүгээ зүглэлээ.

Үдэшлэг эхлэх газрын хаалгаар оронгуут л шинэ жилийн баярын уур амьсгал тэр чигээр нэвт ханхалж толийсон костюмтай залуус алхалж, гялалзсан гялалзаагүй, бие барьсан бариагүй элдэв даашинзтай ганган бүсгүйчүүл сүлжилдэх бөгөөд нэг бүсгүй нь нөгөөгөөсөө сайхан юм шиг санагдан хараа булаана. Анхил яаран хувцас өлгүүрийн газарт хувцасаа өгөөд бяцхан цүнхээ барин хаалгаруу дөхөх агшинд хүүе Анхил уу хэмээн хажуугаас дуу алдах чимээнээр эргэн харвал ангийнх нь 2 охины нүд орой дээр гарсан байхыг хараад Анхилын өөртөө итгэл итгэл тэр хэмжээгээр нэмэгдлээ. Яасан хэмээн инээмсэглэн харахад тэр 2 үнэн сэтгэлээ дуу алдан шагшлаа. Чи ёстой гоё болсон байна. Гоё харагдаж байна . . . Анхил сэтгэл тэнэгэр дээгүүр харцтай ангийнхаа 2той хамт үдэшлэгтээ орж шуугилдан буй ангийнхантайгаа нийллээ.

Хүн бүр өнөөдөр бие биетэйгээ баярын мэнд мэдэж эелдэг найрсаг харилцана. Анхилын хувьд өнөөдөр үнэхээр аз жаргал дүүрэн бялхсан үдэш байлаа. Урд нь хэзээ ч ийм сайхан үгс магтаалыг сонсож байсангүй, бас өөрөөрөө ч ингэж ихээр бахархаж байсангүй ээ. Үдэшлэг ид дундаа явж байхад Анхил ширээнээс босч Сартуулыг хайхаар бүжгийн талбайг зүглэлээ. Бүжгийн талбайд дөхөж очоод алгуур нягтлан ширтвэл Сартуул эсвэл Сартуултай төстэй залууг олж харж чадсангүй дэмий л жаахан урагшлан зогсоон олон хүн бужигнасан бүжгийн талбайг нэгд нэгэнгүй харах гэж оролдож байлаа. Сайн уу баярын мэнд. Нижигнэсэн чимээ шуугиан дунд зөөлөн хэлсэн энэ үгийн эзэнг Анхил гайхан харлаа. Дээд ангийн нэгэн залуу Анхилыг ширтэн инээмсэглээд чи үнэхээр сайхан, бусдаас онцгой харагдаж байна танилцая гэж толгойгоо дөхүүлэн хэллээ. Баярлалаа гээд Анхил түүний сунгасан гарыг нь хариу атгалаа. 2лаа бүжиглэх үү хэмээн урьсан хэдий ч Анхил хүн хүлээж байгаа жаахан байж байгаад бүжиглэнэ хэмээн хэлж орхилоо. Тэгвэл би буцаад ирнээ гээд өнөөх залуу олон дунд уусан орлоо. Үгүй ер сургуулийнх нь их л дажгүй энэ залуу Анхилыг тоож дуугардаггүй байсан шүү дээ. Ер нь огт танихгүй байх гэж бодож байтал хүрч ирээд бүжигт урьж байна шүү хэмээн дэмий зүйл бодсоор Сартуулыг дахин нүдээрээ харуулдаж эхэллээ.

Ангийнхаа хэдэн нөхөдтэй марзганан зогсож байсан Сартуул өнөөдөр өнгө хосолсон цамц зангиагаар гоёж улам л сайхан харагдаж байлаа. Бүжгийн талбайн наад захад ганцаар зогсож байгаа нэгэн охин түүний нүдэнд тун содон туслаа. Үнэхээр хөөрхөн охин юм, энэ чинь хэн билээ. Сартуул түүнийг сайтар ажиглан харлаа. Ийм охин танихгүй юм байна, сая шилжиж ирсэн юм болов уу. Яагаад Сартуулын нүдэнд өртөөгүй байсан билээ. Юутай ч энэ охин Сартуулд маш их таалагдаж байна, заавал очиж танилцах ёстой. Та нар харж байна уу би тэр охинтой танилцаад бүжиглэнэ хэмээн ангийнхаа хэдэд Сартуул бардамнан өгүүллээ. Аль охин хэмээн нөгөө хэд нь хэрэгт дурлан харсанаа янзтай хөөрхөн охин байна, аль ангийнх юм бол хэмэн ам амандаа өгүүллээ. Чамайг тоохгүй ээ хэмээн нэг нь Сартуулыг цаашлуулан өгүүлэхэд Сартуул аль хэдийнэ түүнийг чиглэн алхаж байлаа.

Анхил нүдээрээ Сартуулыг хараад олохгүй болохоор нь буцаад ангийхна дээрээ очих уу эсвэл бүжиглэж байгаа олны дунд орж сэтгэлээс сэргэтэл бүжиглэх үү хэмээн шийдэж ядан зогсож байтал яг өөрийг нь чиглэн алхан ирж байу Сартуулыг хараад балмагдан сандарлаа. Хайгаад байсан хүн нь зөвхөн өөрийг нь чиглээд ирэхэд балмагдахгүй хүн гэж байна гэж үү. Сайхан баярлаж байна уу. Сартуул хүү өөртэй чинь танилцаж болох уу хэмээн угийн хэлтэй амтай Сартуул өгүүлээд гараа сунгалаа. Ийм олон цэцэгс дунд ийм сайхан сарнайг олж харсандаа баяртай байна хэмээн тал зассан өнгөөр хэлэхэд Анхил өөрийн эрхгүй инээд алдан Анхил гээд гарыг нь чангахан атгалаа. Анхил барагл согтуу хүн аятай газраас хөвж яваа мэт санагдлаа. Сартуул өөрийг нь сарнай цэцэг гэж хэлж байна шүү дээ. Анхил баяр хөөрөө нууж үнэхээр чадахгүй байлаа, ихэнх хүний мөрөөдөл биелдэггүй шүү дээ. Тэгвэл Анхил мөрөөдөл нь биелсэн азтай нэгэн болжээ. Хэдий тийм ч том мөрөөдөл биш ч Анхилд бол гайхалтай мөрөөдөл байсан сан. Анхил дахин инээмсэглэлээ. Түүнийг инээмсэглэхэд Сартуул гайхан нүдээ үл ялиг өргөн түүнийг харлаа. Одоо л Сартуул түүнийг танилаа. Энэ чинь нөгөө хэн л байсан байна шүү дээ. Нөгөө даруухаан охин. Ямар их өөрчлөгдөө вэ. Танихгүй гүнж байна даа гэж бодсонсон. Сартуулын урам жаахан хугарах мэт санагдлаа. Гэхдээ одоо нэрийг чинь мэдэж авлаа Анхил гэж Анхилд өгүүллээ. Анхил түүнийг хүсэл мөрөөдөл дүүрэн харцаар ширтэж байгааг Сартуул харлаа. Ангийхан нь түүнийг харж байгаа буцаад очивол Сартуулыг тээр чамайг тоохгүй гэж хэлээ биздээ хэмээн инээлдэнэ. 2лаа бүжиглэх үү Сартуул инээмсэглэн хэмээд Анхилыг бүжгэнд урьлаа.

Намуухан хөгжим эгшиглэн залуус хөгжмийн аяар найган бүжиглэнэ. Чи их сайхан харагдаж байна, бүх зүйл чинь зохицоод үнэхээр сайхан байна гэж Сартуул Анхилыг ширтэн өгүүллээ. Сартуул түүнийг ширтэж байхдаа үнэхээр тэгж бодсон байлаа. Гэхдээ л огт танихгүй хэн нэгэн байгаагүйд жаахан сэтгэл дундуур байлаа. Түрүүхэн Сартуулын сэтгэл маш ихээр догдолж байсан билээ. Анхил харин өөртөө ч итгэхгүй, нүдээ удаахан аниад нээвэл гэртээ сэрэх юм шиг санагдаж байлаа. Гайхалтай Сартуул өөрөө түүнийг бүжигт урьлаа шүү дээ. Үнэхээр жаргалтай байна, энэ мэдрэмжийг би хэзээ ч мартахгүй ээ. Ая дуусч Сартуул Анхилыг талбайн захад хүргэж ирээд баярлалаа хэмээн хэлээд орхин явлаа. Өө би хожигдчихсон уу гэх дуунаар Анхил манарсан байдлаасаа гарлаа. Түрүүний дээд ангийн залуу түүний хажууд ирчихсэн зогсож байлаа. дахиад бүжиглэх үү хэмээн асуухад Анхил үгүй ээ гэж инээмсэглээд ангийнхан дээрээ очиж лаазтай хүйтэн ундааг бараг нэг амьсгаагаар уулаа. Нилээн уужраад Сартуулыг дахин харвал аль хэдийн нэг охинтой ширээний буланд мөрөөр нь тэврэн ярилцаж байлаа. Анхил огтхон ч санаа зовсонгүй, энэ ч Сартуулын хувьд гэм биш зан л даа. Анхил одоо дуу чимээнээс төвөгшөөн бушуухан эрт харимаар санагдлаа. Дуу чимээгүй нам гүм орондоо ороод түрүүн болсон бүхнээ нэгд нэгэнгүй эргэн санаж жаргамаар санагдаад хорхойсч байлаа. 

Ангийнхандаа бүгдэд нь баяртай гээд Анхил хувцасны өлгүүрийн тэнд очтол явахнуу хэмээн өнөөх дээд ангийн залуу бараг л баярласан шинжтэй асуулаа. Тиймээ, тэгвэл хүргээд өгье. Анхил хичнээн ч дургүйцсэн өнөөх залуу ятгасаар байгаад орц хүртэл нь хүргэж өгөхөөр тохироод гарцгаалаа. өвлийн хүйтэн жавар тасхийн тэр 2-г гадаа угтлаа. Нилээн удаж байж такси зогсоод тэр 2 замдаа элдэв юм ярилгүй байсаар Анхилын орцны гадаа ирлээ. Сайхан амраарай гээд Анхил үсрэн бууж бушуухан амтат мөрөөдөлдөө умбахаар хар гүйхээрээ гэртээ орлоо.

1дэх өдөр Анхил өглөө нь яг л хуучин янзаараа хичээлдээ очлоо. Өнөөдөр Сартуултай дайралдвал яана аа, урд нь дайралдах сан гэж бодогддог байсан бол өнөөдөр дайралдчихвий хэмээн ичих шиг болж ийш тийш хулмалзан харж явлаа. Маргааш лекцтэй эртхэн очоод Сартуулын арын ширээн дээрээ суугаад хүлээнэ дээ. Сартуул ирээд намайг хараад яах бол ... эхний цагийн завсарлагааны дараа гялс номын сан ороод ирье гээд Анхил хурдлан булан тойрох гэтэл гэнэт Сартуулын дуу тодоос тод гарахаар нь дороо зогсон сэмхэн чагналаа. Яах аргагүй шинэ жилийн үдэшлэгийн тухай хэдэн залууд ам мэдэн ярилцаж байлаа. Анхилын зүрх түг түг хийн цохилж Сартуулыг миний тухай ярих болов уу гэж өөрийн эрхгүй бодтол яг мэдсэн юм шиг түүний тухай яриа дэлгэлээ. Сая үдэшлэгээр нэг гоё охин байна даа гэж харчихаад танилцая гээд яваад очсон чинь харин нөгөө ангийн таньдаг охин байж шараа болсонш дээ. Эмэгтэйчүүд чинь ёстой аягүй өөр өөр болдог юм байна лээ хэмээн ярихыг сонсоод Анхилыг хэн нэгэн цохиод авах мэт лүгхийн бие нь хүндрээд явчихлаа. Түүнийг Сартуул өөрөө сарнай цэцэг гэж хэлээгүй гэж үү . . . Анхил хүндэрсэн хөлөө зөөн бушуухан тэндээс холдлоо. Алгуурхан ангидаа орж булангийн ширээн дэрлэн хойгуур ханаруу ширтэн суулаа. Сартуулыг урд нь танихгүй байсан бол яах байсан бол. Анхилын хөөр баяр дүүрэн сэтгэл нь унтарлаа. Анхилаас Сартуул ичдэг юм байна. Сартуул Анхилыг гэж мэдсэн бол бүжиглэхгүй байх байжээ. Зүгээр л андуурсан, харин дараа нь эелдэг зан гаргасан байжээ. Анхил гэртээ хариад орондоо ороод нам унтмаар байлаа. Өөрийн эрхгүй бие нь жихүүцэн даараад ирлээ. Ганц удаа хичээл таслахад ер нь яадаг юм. 

Сургуулиас гарах гээд шатаар бууж байтал өнөөх дээд курсын залуу зогсож байлаа. Сайн уу Анхил аа. Анхил инээмсэглэн мэндэллээ, ямар ч байсан Анхилыг таньж бас нэрийг мартаагүй байгаа юм байна. Хичээлдээ суухгүй явах гэж байгаа юм уу, ямар нэг зүйл болоогүй биз. . . Анхил түүнтэй одоо удаан ярилцмааргүй байлаа. Яаралтай ажил гараад одоо явлаа. Ингэж хэлээд Анхил түүнийг орхин сургуулиасаа гарлаа.

Маргааш өглөө Анхил хуучин заншлаараа лекцийн танхимдаа эртлэн ирлээ. Нүдэнд танил Сартуулын ширээ, өөрийнх нь сууж заншсан арынх нь ширээ нүдэнд харагдлаа. Анхил хажуугаар нь өнгөрөн явж өөр эгнээний ширээнд очин нэг хоёроороо орж ирэх бусдыгаа ажиглан суулаа. Удалгүй Сартуулын ширээ ч арынх нь ширээ ч эзэнтэй боллоо. Хонх цохихын алдад Сартуул орж ирээд өөрийн ширээндээ тайван сууж хажууд суусан охинтойгоо энэ тэрийг ярин инээлдэх нь харагдлаа. Анхилын сэтгэл бүрэн тайвширсан байлаа. Одоо Сартуулын хэнтэй суух, яах нь түүнд огтхон ч хамаагүй. Анхил сэтгэлээр огт унаагүй, харин ч Сартуулд баярлаж байлаа. Түүний ачаар л Анхил өөрийгөө хэнээс ч дутахгүй үзэсгэлэн гоо гэдгээ мэдэж өөртөө итгэл дүүрэн алхаж чадах боллоо. Анхны дурлал нь Анхилд хамгийн хэрэгтэй байсан өөртөө итгэлтэй байдал зүрх зоригыг авчраад, өөрийгөө голдог хулчгар занг нь аван одсон байлаа. Анхил хайр дурлалыг хүснэ, гэхдээ Сартуул биш өөрийг нь байгаа чигээр нь хайрлаж дурлаж чадах сэтгэл зүрхтэй тийм хэн нэгэн байгаа гэдэгт итгэл төгс байлаа. 

2006 он Sienna

Охин үрээ хайрла Б.Энхтуяа

ОХИН ҮРЭЭ ХАЙРЛА 


Охин үрээ хайрла! 
Омогдож загнахдаа ч хайрла! 
Охин үрээ хайрла! 
Ойворгон зэмлэхдээ ч хайрла! Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ 
Насаараа тэр чинь өглөө босох хүн, төрсөн гэртээ л нойр аваг 
Нар шингэж үдшийн хар чийг унатал найз нартайгаа дууладдаг 
Насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хүлээнэ 
Энхрий гарын нь хурууг чилтэл гэр зуураа зарахдаа 
Ээжийн цай уулгаж, аавын үгээр энхрийл
Эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдана 
Харийн газар одож хадмын нүүрийг царайчилна
Насаараа уухгүй амтат цайг нялх багад нь гэрт нь уулга 
Насаараа амсахгүй жаргалыг нялх багад нь тоонотод нь эдлүүл 
Насаараа сонсохгүй энхрий үгийг нялх багад нь гамнахгүй хэл 
Насаараа нууж урсгах гашуун нулимсыг нь бодож цөөн уйлуул, охин үрээ! 
Хүний гэргий болох гэж гангар шаазан шиг хагарна 
Хүүхэн хонгор үрээ гарын алгандаа энхрийл 
Хүй орчлонгийн жамтай тэнцүүлж түүнээ хайрла 
Хөөрхөн хонгор аалинд нь эрхлүүлж түүнээ хайрла
Үрийн эх болох гэж алтан заадал сална 
Үүлэн хонгор үрээ тэнгэрийн мандалдаа эрхлүүл 
Үйл нь дуусдаггүй хорвоод балчирт нь амжиж жаргаа 
Үс гэзгээ цайтал өнөд шаналахыг нь болгоо
Зөөлөн булбарай хурууг нь зүү утастай шадарлуул 
Зүйдэл оёдлын хорвоод охин үр чинь төрснийг сана 
Зөөлөн хонгор аашийг нь зүйр үгтэй шадарлуул 
Зөвлөх хэлцэхийн хорвоод охин үр чинь төрснийг сана 
Арван жил зэмлээд ч ухааруулж амжаагүй үгийг чинь 
Анхны үр ньтөрөөд үдшийн шөнөдөө ухааруулна 
Хорин жил дуудаад сэрээж чадаагүй нойрыг нь 
Хонгор үр нь төрөөд үүрийн жавраар ч хулжаана 
Охин үрээ энхрийл, орчлонгийн зовлонд цадахын цагтаа 
Огшуун нулимсандаа живэхийн цагтаа хожмоо нэг дурсана 
Аавын гэрт жаргасан даа гэж хэзээд нэг тайтгарна 
Ээжийн өвөрт эрхэлсэн дээ гэж эрхгүй нэг уужирна 
Охин үрээ хайрла
Хясаа сувдаа нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Үүл усаа хураадаг шиг хайрла 
Охин үрээ хайрла
Уул эрдэнээ нуудаг шиг хайрла 
Охин үрээ хайрла
Ус загасаа цэнгүүлдэг шиг хайрла 
Хатуугаас хатуу үгийг ханатлаа үр чинь сонсоно 
Хавраас намар хүртэл төрхөмдөө очиж хэлэх үү? 
Хайртай охиноо зэмлэхдээ харцаараа ч болов энхрийл 
Хаврын шувууд шиг намрын жимс шиг үгийг охиндоо хэл
Бусдыг хайрлах л гэж төрсөн юм охин үрээ энхрийл
Буцаж урсдаг ус байхгүй, эргэж та нарыг хайрлахгүй 
Эргүүлэгт орчлон харин охин үрийг чинь хайрлахгүй 
Энгэсэгт хацраар гэрэлтэвч зовлон нь та нарт харагдахгүй 
Үндэс нь газарт цэцэг нь тэнгэрт 
Үүн лүгээ адил санаж охин үрээ хайрла 
Тэнгэрт чинь нар ч бий хур ч бий аянга ч бий
Тэнгэрлиг охин үрийг чинь жаргал ч тосно зовлон ч тосно 
Хөөрхий түүнийг нялхад нь жаргаа 
Хүүрнэн сургаад яах вэ дээ орчлон түүний багш юм 
Хүний л гарт очих бүсгүй түүнийг энхрийл 
Хүний л эрхэнд жаргах охин үрээ хайрла 

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ


ТАЙЗНЫ ЗАСАЛ
Хөдөө газар зүүн, баруун хоёр хажууд нэжгээд уул, зүүн талынх нь хадтай уудам, баруун талынх нь модтой бэрх, баруун талын уулын бэлд нэг хайлаас мод, түүний хажууд бараг тайзны гол чигт нэг том чулуу, тайзны ар талд нэг урт уул, түүний дор нэгэн бяцхан нуур ба нуурт нэг булаг урсан байна.
ХӨГЖИМ НЬ
Хуур, лимбэ, хуучир, шанз энэ дөрөв ээлжилнэ. Хөгжимч уулын хөндий дотор нуугдан суух бөгөөд ая нь Алим гэдэг амттай, Аргагүй амраг, Гунан хар, Торой банди, Юндэн Гөөгөө, Хаврын сар зэрэг хуучны ая болно.
ДУУ НЬ
Шүлэг бүгдийг дуулах тул наадагчид сайнаар зэрэг дэвийг алдахгүй цээжилсэн байваас зохино. Хэрэв цээжилж чадахгүйд хүрвэл өөр дууч хүмүүс нуун сууж уншин зүгээр буюу радиогоор дуулсугай. Яаралгүй бөгөөд тод дуулбал зохино. Дуулах шүлэг бүрийд хөдөлгөөн янзыг зөөлнөөр гахгах хэрэгтэй.
НЭГДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ
Жүжиг эхлэхэд хуурын уянгат дуу гарч байх ба хөшиг нээгдмэгц дуу эхлэх бөгөөд Юндэн өнөөх чулууг түшин сууж, Нансалмаа Юндэнг налан хажуулж, Юндэн баруун гараар Нансалмаагийн зүүн гарыг барьж, харилцан их амраг байдалтай байна.
Юндэн Нансалмаагийн толгойг илэн байж дээгүүр уул усыг ажигласан янзтайгаар дуу эхлэхэд Нансалмаа хажуулдсан хэвээр түүний нүүр өөд ширтэн ажиглана.
Юндэн /зүүн уулын өөд харж/:
Ногоорон харагдах уул нь
Номин эрдэнийн уул аа
Ноён сайхан нуруунд нь
Хүүтэйгээ зугаалмаар уул аа
Хадтай өндөр уул нь
Хангай дэлхийн үзэсгэлэн
Хажууд суусан хүү минь
Ганцхан миний баясгалан
гэж дуулж төгсөхдөө Нансалмаа уруу харахад
Нансалмаа /цээжээ өндийж, ийш тийшээ бяцхан харж байгаад баруун уулыг ширтэж/:
Цэнхэрлэн харагдах уул нь
Чандмань эрдэнийн уул аа
Цэцэрлэг сайхан ойд нь
Чамтайгаа цэнгэмээр уул аа
Модтой сайхан уул нь
Монгол газрын чимэг ээ
Ерөөлтөй учирсан хүү минь
Ёстой миний амраг аа
гэж дуулж барахад
Юндэн /бяцхан инээмсэглэж Нансалмааг хөдөлгөн мөрөн дээр нь гараа тавьж ганц модыг харан/:
Хайлаас модны мөчир дээр
Харцага шувуу жиргэж байна
Ханилсан бил хоёр
Хамтрахын үгээн ярих уу даа
Уул ус нь тэгш бол,
Жигүүртэн донгодох нь яруу
Уг сэтгэл нэг бол,
Үг хэл найрамдуу
гэж дуулж Нансалмаа уруу харахад
Нансалмаа /нилээд ичсэн байдал гарган/ :
Зөөлөн салхи найгахад
Цэцэг навч ганхана
Цээжин джх үгээ хэлээч ээ
Чихэнд аятай боловуу даа
Усанд живэх загас нь
Урсгалыг даган давхина
Урамтай үгээ хэлээч ээ
Угтаж хүлээн авья /гэтэл/
Юндэн /суниаж, Нансалмааг тэврэх шиг болоод/:
Сэтгэлийн амраг гэч нь
Шижир алтнаас үнэтэй юм
Шилж түүнийг авах нь
Хямдгүй хэрэг дээ /гэж дуулмагц/
Нансалмаа, /Юндэнгийн толгойг илж/:
Үнэн сэтгэл гэгч нь
Энэхүү ертөнцөд ховор юм
Учирч түүнийг олох нь
Орчлонгийн дээр чухаг юм
Юндэн /хааяа уул ус уруу, хааяа Нансалмаа уруу харж/:
Эргэн тойрон уулууд
Үзэсгэлэнтэй сайхан газар аа
Өөрийн гэр ээ бариач ээ
Өрхний чинь оосрыг татъя
Ижил хоёр шувуу нь
Эелдэг дуугаа таньдаг юм
Эртхэн нийлж суугаад
Ангиршувуу шиг явъя
гэж дуулж барсны хойно, хоёул бие бие уруугаа харалцан их л бахтай янаг байдлыг гарган байх бөгөөд
Юндэн / Нансалмаагийн гарыг барьж/:
Аав ээжид чинь хэлэх үү дээ
Ах дүү чинь юу гэх бол
Аян жинд явж
Авах юмаа төхөөрөх үү дээ
Нансалмаа /баяртай царай гарган/:
Төрөл садан ч яах вэ дээ
Дуртай дургүй ч ялгалгүй
Чиглэсэн санаа чам дээр юм
Тэртэй тэргүй дагана даа
Юндэн / Нансалмаагийн зүг ширтэн/:
Эцэг эхдээ хэлье дээ
Өмч хөрөнгөө авъя даа
Хот газар очъё доо
Хуримын юмаа бэлтгэе дээ
Нансалмаа /Юндэнг таалж/:
Гэр орноо төхөөр дөө
Гэргий авах аа боддоо
Хэтийн газар яв л даа
Хэрэглэх юм аа авчир даа
Юндэн /Нансалмаа уруу харж/:
Янагийн сэтгэл үнэнээр бол
Яагаад ч болсон нийлнэ дээ
Явж хурдан ирвэл дээ
Ямар ч юм саадгүйдээ
Нансалмаа /уярсан байдалтай/:
Амраг сэтгэл гэгч нь
Алж болдоггүй юм
Аяндаа түргэн явахыг
Өдөр шөнөгүй хүлээе
гэж дуулсны дараа дуу бяцхан завсарлан, бие биесийг таалан янаглалцсан байдалтай байх бөгөөд
Юндэн /Нансалмаагийн гарыг өвөр дээрээ тавьж/:
Хайртай сэтгэл чиний тул
Хариад бушуухан ирье
Хамаг яриа тогтов
Гарахаас өмнө уулзъя /гэж дуулж босоход/
Нансалмаа /Юндэн уруу харж/:
Миний сэтгэл чамайг гэсэн юм
Маргааш энд хүлээе
Морио унаж гараад
Намайг дайрч уулзана уу
гэж дуулж, мөн босох бөгөөд Юндэн баруун тийш, Нансалмаа зүүн тийш одно /Гэрэл унтарна, Бяцхан завсарлана/
Гэрэл дахин ноцоход Нансалмаа /мөнхүү чулууг түшин сууж, Юндэнг хүлээсэн янзтай байх бөгөөд/ Юндэн нөгөө талаас гарч ирнэ. Ирэхдээ богц юмыг барьж аянд явахыг шийдсэн байдалтай гарч ирнэ.
Нансалмаа /Юндэнг харж/:
Амраг хүү минь ирэв үү дээ
Аяндаа явах нь энэ үү дээ
Аяарлан үдэж гаргахад
Алаг нүд минь мэлмэрнэ
Юндэн /ирэх замдаа/:
Хонгор хүү минь хүлээж байна уу
Хул морио сойгоод ирлээ
Хэдэн үгээ солиод
Хэтийн газар явъя даа
гэж дуулж, Нансалмаагийн дэргэд сууна. Гэтэл
Нансалмаа / Юндэнгийн богцыг түшиж/:
Хуримын юмыг төхөөрөхөд чинь
Хувьдаа баярлан яарна
Хот газар очиход чинь
Хоцроход хэцүү байна шүү дээ
Юндэн /Нансалмаагийн ханцуйнаас татаж/:
Нийлж суухаа бодъё доо
Нэг хоёр сар шүү дээ
Намайгаа бодоод хүлээ дээ
Чамайгаа бодоод явъя даа
гэж дуулсны дараагаар
Нансалмаа /нэг аяганы алчуурыг гаргаж Юндэнд өгөн/:
Аяндаа мэнд яваарай
Алсаас хурдан ирээрэй
Алаглаж оёсон алчуурт
Аягаа хийгээд зүүгээрэй
Зүйгээд нийлүүлж оёхдоо
Зүрх сэтгэлээ барсан юм
Зүү хатгах бүрдээ
Зөвхөн чамайг бодсон юм
Юндэн /алчуурыг авч/:
Мөшгөөд чимсэн алчууранд чинь
Мөнгөн аягаахийе
Мөрөөдөж хүсэх сэтгэлдээ
Мөнх чамйгаа агуулъя
Хөх торгон алчууры чинь
Хондлой дээрээ зүүе
Холхи замын уртад
Хонгор хүүгээ бодъё
Нансалмаа /бас дахин Юндэнг ширтэж/:
Угалзлан эсгэж хийхдээ
Ур гараа гаргасан юм
Утас татах бүрдээ
Учирсан чамайг санасан юм
Эрээлээд оёсон алчуурыг
Эндэж битгий гээгээрэй
Эргүүлж үзэх бүрдээ
Энэхэн намайгаа бодоорой
Юндэн / өнөөх алчууранд аягаа хийж/
Урлаад оёсон алчууры чинь
Ууцан дээрээ зүүе
Үзэх харах бүрдээ
Энхрий чамайг дурсана
Шаглаад оёсон алчууры чинь
Сайхан авч явъя аа
Санаа сэтгэл хоёрыг
Түүний дотор хадгалъя
гэж дуулж, аяганы алчуурыг бүсэндээ хавчуулах бөгөөд босоход
Нансалмаа /мөн босож/:
Замдаа сайн яваарай
Зүдэрч ядрах болов уу даа
Жирийлгэн хүрч ирэхий чинь
Зүүд нойрондоо хүлээе
Юндэн /Нансалмааг түшиж/:
Мэнд явалгүй яах вэ дээ
Идэр залуу байна шүү дээ
Миний захих үг нь
Янагаа сахиж суугаарай
Нансалмаа /Юндэнгийн богцыг авч өгөн/:
Өөрөө сайн яваарай
Өлсөж даарах болов уу даа
Үтэр түргэн ирэхий чинь
Өглөө үдэшгүй харуулдъя
Юндэн /Нансалмааг тэвэрч/:
Уул өндөр боловч
Үүл нүүхийг хорихгүй
Газар хол боловч
Хоёр сэтгэлийг халхлахгүй
Нансалмаа /бцхан нулимс унагаан, алчуураа гарган нүдээ арчиж/
Хойшоо зовох аргагүй
Хурдан ирэх хэрэгтэй
Хүрч ирсний дараа чинь
Хоёулаа нийлэн сууя
Юндэн /Нансалмаагийн алчуурыг авч аргадан/:
Алсын замдаа зүглэе дээ
Аль вэ хүүгээ үнсэе дээ
Амраг гэдэг нь хэцүү юм
Алчуур дүүрэн нулимстай
гэж дуулж Нансалмааг үнсээд богцыг аван одно. Нансалмааг хойноос нь харуулдан зогсох бөгөөд Юндэнг далд ороход мөнхүү чулуун дээр суун нулимсаа арчин:
Хайртай сэтгэл зайгүй юм
Хагацах гэдэг нь хэцүү юм
Ханилсан хүү минь далд оров
Харуулдаад хоцрохоос яах вэ дээ
Дассан сэтгэл гэдэг нь
Тасдаж болдоггүй гинж юм
Дахиж хэзээ уулзнам
Дагаад яьах ч юмсан уу
Хос алаг нүдэнд минь
Хонгор хүү минь үзэгдэхгүй
Хонгороосоо салсан зүрх минь
Хойноос тэмүүлэн гарах нь
гэж дуулж байгаад муужран унасан мэт болон толгойгоо тэврэн мөнхүү чулууг дэрлэж, доош харан чимээгүй сууна.
Энэ үед дундад уулын дээгүүр Балган гарч ирэх бөгөөд буугаа барьж гөрөөс эрсэн байдлаар ийш тийш ажиглан явж ийнхүү дуулна:
Арын өндөр уул нь
Асар сайхан уул аа
Араатан гөрөөс сүрэглэж
Агнхад бахтай уул аа
Өсөх бага наснаасаа
Өөрийн дураар явлаа даа
Хурдан морийг унаж
Хурц зэвсгийг барилаа даа
Бага залуу нас минь
Бадарч байгаа цаг л даа
Баатар эрэлхэг чадал минь
Барс чоноос ч буцахгүй
гэж ийш тийш ажиглан байгаад дахин ингэж дуулна:
Үнэг чоно олон сон
Өдөр бүгд антай сан
Өглөө эрт гарсансан
Өнөө яасан өдөр вэ
Гөрөөс мөрөөс ч үзэгдэхгүй
Хүрнэ, зурам ч дайралдахгүй
Хөлийн гарз болсон
Хаашаа уйтгартай өдөр вэ
Бүхэл өдөр яваад
Буу дуугаргалгүй буц юу
Булай ёр байгаа даа
Бургаас мургаасыг буудъя уу
гэж дуулж, баруун уулын бэл дэх хайлаас уруу буудахад чулуу түшин хэвтсэн Нансалмаа цочин өндийхөд Балган харж /дахин буудахыг завдсанаа байж/:
Араатан гөрөөс босов уу
Аль вэ хүн юм уу даа
Эзгүй хээр газар
Элэнцэг нь энд байдаг юм бэ
гэж дуулж Нансалмаагийн зүг очиход Нансалмаа айнсан байдалтай зогсон хүлээж байх бөгөөд Балган Нансалмааг ширтэн инээж ийн дуулна:
Хүн явдаггүйй газар
Хаанаас байгаа хүүхэн бэ
Гуа үзэсгэлэнг үзвэл
Хурмаст тэнгэрийн дагина уу
Урьд үзээгүй бүсгүй
Огторгуй тэнгэрээс заяав уу
Өв тэгш сайхны чинь үзвэл
Уул усны хувилгаан уу
Уулын гөрөөс олдохгүйд
Урамгүй явсан юмсан
Зол заяа ирэхэд
Лус охиноо хайрлав уу
Нансалмаа /Балганы өмнөөс их харж/:
Эрхэм залуу баатар
Эндэж ташаарч байна уу даа
Энгийн нэг бүсгүй
Энд явахад яадаг юм бэ
Гөрөөчин анчин эрхэм минь
Хөндөлдөж зогсоод хэрэггүй
Хөдөөний нэг хүүхэн байна
Гөрөөс ангаа эр л дээ
Яасан егөөтөй хар хүн бэ
Ядуу бүсгүйг үзээгүй юу
Ямар учир тоглоном
Явдаг замаараа яв л даа
гэж дуулж, шууд явах гэхэд
Балган /замыг хөндөлдөж зогсон/
Нар шиг гэрэлтэй охиноо
Намайг юунд тэнсэнэм
Эртний хувь зохиолоор
Энд учрах ерөөл байжээ
Тэнгэр бурхан илгээсэн биз
Дээд орны дагина биз
Өчүүхэн намайг тоохгүй нь үү
Орхиод хаашаа явнам
Сар шиг гэрэлд чинь гялбаж байна
Сайхан өнгөнд чинь дурлаж байна
Саатаж энд сууж
Санаа сэтгэлийг хангана уу
гэж дуулж Нансалмаагийн тохой дээрээс татахад
Нансалмаа /уурласан байдал гарган/:
Эрэлхэг баатрыг чинь үзвэл
Эрхэм дээд хүн шиг
Ичгүүргүй аашийг чинь үзвэл
Эргүү мунхаг адгуус шиг
Айл аймгийн ах дүү бол
Ааш зангаа татна уу даа
Уул талын оргодол бол
Алс замаа хөөнө үү дээ
Харах царайгий чинь үзвэл
Хад уулын хулгайч шиг
Чамаас би айж байна
Тавьж хурдан явуул
гэж дуулж бармагц, гарыг алдуулан гэнэт зугтаахад
Балган /ухасхийн, Нансалмааг барьж аваад, ихэд чанга инээж/:
Ахынхаа гарын дор чи
Оготно хулганатай адил шүү
Ангүй өнөө явсан биш
Аваад чамайг явна даа
Бага жаахан охин чи
Балганы гараас гарахгүй
Гэртээ чамайг аваачаад
Гэргий болгож сууна даа
Эд хөрөнгө ч элбэг бий
Эхнэр авахыг эрсэн юм
Эеэр эс болбол
Эзний зарлигт хүргэнэ
гэж /Нансалмааг чирч зүүн уул уруу явна/
Нансалмаа /уйлах бөгөөд зүүн уулын хажууд Балганы гараас мултарч чадахгүй байх бөгөөд/:
Хүний арьс нөмөрсөн
Хээрийн галзуу чоно чи
Хүзүү толгой үргэлж байхад
Чи намайг боолчлохгүй
Омог зан чинь хэцүү ч
Ойртуулж намайг чадахгүй
Хэлэлцээ сүйтэй нөхөр бий
Хэчнээн оролдовч тусгүй
Зэвхий царайгий чинь харахад
Зэрлэг араатан шиг үзэгдэнэ
Чиний чадал их ч
Миний зориг хатуу
гэж дуулж Нансалмаа зүтгэн зайлъя гэвч Балган тавихгүй зууралдан байх үес зүүн уулын дээгүүр Хоролмаа гарч ирэх бөгөөд тэр хоёрыг хармагц, сэмээр гэтэн ойртоод “Балган яаж байгаа юм бэ” гэж чанга дуугарахад Балган цочин харж айсан мэт болон Нансалмааг орхиж уулын чанад уруу орж нуугдана. Нансалмаа, Хоролмаа уруу нэг хараад доош харан дуугүй сууна.
Хоролмаа /Нансалмаагийн дэргэд хүрч ирээд ийн дуулна/:
Хар хүнээ гаргаж өгөв үү
Харих замдаа завхайрч байна уу чи
Амраг гэсэн чинь аль вэ
Амны хоосон үг үү дээ
Өөрийн эрээ явуулаад
Хүний эрийг эргүүлнэ үү
Ичгүүр сонжуураа алдсан
Яасан муухай амьтан бэ
Хоёр нийлсэн амраг гэсэн
Худал юм байж л дээ
Юндэнгээ хүрч ирэхэд
Нүүрий нь яаж харах вэ
гэж дуулаад /ичиж байна уу чи –нүүртээ илэг наалгана уу/ хэмээн Нансалмаагийн толгойг өргөхөд
Нансалмаа /уурлан нударч аваад ийн дуулна/:
Зэрлэг чонотой таарсан
Золбин гичий ирэв үү чи
Зальхай Балганаа аваад
Зайлж түргэн өгөөч
Баавгай гөрөөс шиг Балган
Балмад хүүхэн тэ хоёр
Арийн нэрий минь бузарлаж
Алд биеийг минь зовооно уу
Үхэвч журамтай үхнэ
Өшөөлөөд та нар чадахгүй
Өлөгчин муусайн нохойнууд
Үтэр түргэн тонил
гэж Хоролмааг түлхэхэд Хоролмаа “Айсан хүн айл эвдэнэ, ичсэн хүн хүн ална” гэж чи бас надад хүрнэ гэнээ гэж давшилж Нансалмааг татаж унагаахад Нансалмаа түүний хүчинд дийлэгдэн дуу алдан унахад Балган цаанаас гарч ирэн “Чи надад хамаагүй, миний эхнэрт чи юунд халднам” гэж Хоролмааг уулын хажуу уруу түлхэх бөгөөд энэ завсар Нансалмаа босон харайн явах гэтэл, Балган Нансалмаагийн гар дээрээс барьж аван “Чи одоо минийх болсон” гэж чанга хэлж хөтлөн уулнаас буух үед хөшиг хаана.
ХОЁРДУГААР ҮЗЭГДЭЛ
Хөшиг нээмэгц зүүн уулын энгэр дээр
Нансалмаа /нэг чулуу сандайлан сууж баруун ба хойд уулын тийш байн байн ширтэж холын бараа харсан янзтай болоод уярсан байдлаар гиюүрч, ийш тийш харан ийн дуулна/:
Өндөр уул дээрээс ширтэвч
Холын бараа харагдахгүй
Нулимстай нүд минь мэлмэрч
Янагийн үшрх минь тэмүүлнэ
Өдөр шөнөгүй хүлээвч
Сэтгэлийн хүү минь ирэхгүй
Учирч уулзахыг яарахад
Уушги, элэг минь догдолно
Болжмор шувуу ч болоосой
Хоёр жигүүр ч ургаасай
Хойноос нь нисэж очоод
Хамаг зовлонгоо тоочих юмсан
Хоёр сар ч шахлаа даа
Хонгор хүү ч яав даа
Хүний гарт орлоо шүү
Хурдан ирж аваасай
гэж дуулж, алчуур гаргаж нулимсаа арчин, бас өндийн ширтэж ийн дуулна:
Хүссэн хүү минь харагдахгүй
Хэзээ ирэх нь сураггүй
Хойноос нь явах чадалгүй
Хөөрхий би чинь яах билээ
Мангас махчин шиг хүн
Намайг авах гэж байна шүү
Снамсаргүй зовлонг
Санаанлгүй явна уу чи
Зальхай жигшүүртэй Балган
Цаг ямагт эргүүлдэнэ
Зовниж хүссэн Юндэн минь
Зүүдэнд эс үзэгдэнэ
Балмад араатан шиг Балган
Бас хүрээд ирэх болов уу
Оготно мэт би чинь одоо хайчих билээ дээ
гэж дуулаад нэг зэрэг санаа алдаж уруу харан:
Чонын аманд орсноос
Зуурдын замыг хөөмөөр
Чамтайгаа уулзалгүй үхэхэд
Даанч түвдэж чадахгүй
Уул ой дахь хэрэм нь
Анчин учрахаар бүлтэлзэнэ
Гачигдсан бүсгүй намайг
Ганцхан нулимс хөөрхийлнөм
/Дээш харж/
Намрын хонгор салхи нь
Найган ганхан салхилна
Насан бага би чинь
Түүний дотор гасална
Галуу шувуу хүртэл
Ганганаж гунгунаад буцаж байна
Хайрт амраг Юндэн минь
Харьж ирэхгүй яав
гэж дуулан гуниглан ийш тийш ажиглан байтал баруун ба хойд уулын завсраар Дамдин алгуураар сүүмэлзэн гарч ирэх холын барааг Нансалмаа хараад нилээд сэргэсэн байдалтай болж дээш босон:
Хоёр уулын хоорондох
Холын бараа юу вэ дээ
Юндэн миь үгүй болов уу
Яасан амархан явдаг юм бэ
Алтан замын дундах
Алсын бараа юу вэ дээ
Амраг хүү ирнэ үү
Адилхан ч юм шиг харагдана
гэж дуулаад малгай, дээлээ засан хөдөлж:
Малгайн орой нь адилхан байна
Магад хүү минь ирлээ шүү
Миний нар ч гарлаа шүү
Мэнд уулзахын ерөөл байжээ
гэж дуулаад урагш алхаж даллан:
Наашаа хурдан яваач
Нансалмаа чинь хүлээж байна
Намайг бушуухан аваач
Чамтайгаа түргэн харих юмсан
гэж дуулан тосож ойртоход Дамдин цаанаас бас ойртож ирэхийг Нансалмаа үзээд хараахан Юндэн бус мэт болоход цочих мэт болон урамгүйгээр ухран зогсоход Дамдин дэргэд нь ирж “Эр хүний заяа эзгүй хээр гэгчээр энэ бүсгүй чинь юу вэ? Чи юунд дуудав. Яаж яваа хүн бэ” гэхэд
Нансалмаа /айсан байдалтайгаар зогсож/
Би хүн андуураад дуудав
Хүрээнээс ирэх хүнийг хүлээсэн юм гэхэд
Дамдин /ихэд гайхсан байдалтайгаар ширвэн харж/:
Тэгвэл би хүрээнээс явна
Ямар хүнийг хүлээсэн юм бэ
Тэр хүн чинь хаа яваа юм бэ
Нансалмаа /сулхан/:
Хаа явааг мэдэхгүй
Манай нөхөр юм
Хүрээ ороод хоёр сар болж байна
Өнөө маргаашгүй ирэх болсон юм
Юндэн гэж нэг залуу хар хүн бий
Харин та тохиолдсонгүй биздээ
гэхэд Дамдин толгой дохиж: Юндэн гэнээ. Цэнд дарханаы Юндэн үү? гэхэд Нансалмаа сураг дуулах нь гэж баярласан янзтайгаар “Тийм тийм, уулзсан уу? Хаана явна вэ?” гэсэнд Дамдин муухай харж “Чи чинь Надмидын хүүхэн биз дээ? Балганы эхнэр болсон гэж дуудах ч билээ. Юндэнгээр яах гэсэн юм бэ? Тэр хаанаас мөд ирэх юм бэ?” гэж ширэв татан өөр үггүй шууд зүүн уулын араар орон одно.
Нансалмаа /хэрдхийн хоцорч, даруй мөнөөх чулууг түшин сууж, уйлан ийн дуулна/:
Холын барааг хараад
Хөлгүй баярлан гүйсэн минь
Харийн хүн болоод
Харин жигтэй яриатай
Сэжигтэй үг дуулбал
Сэр сэр бодогдоно
Саад тотгор тохиолдов уу
Санаа сэтгэл нь хувирав уу
Байсаар байсаар байгаад
Балганы эхнэр гэгднэм
Богтолж хэлэлцсэн хүү минь
Буцаж ирэхгүй болов уу
Талд хоцорсон янзага шиг
Тарчилж үхэх нь энэ дээ
Залуу бага насны минь
Заяа ерөөл яав
Гэртээ хариад яах вэ дээ
Хэнийг гэж очих вэ дээ
Харгис Балганд баригдсанаас
Хээр үхсэн нь дээр дээ
Амраг хүүтэйгээ нийлэх гэж
Уул жалганд тэнүүчилнэ
Авилгач этгээдэд учирснаас
Араатан гөрөөсөнд идүүлье
гэж дуулан явж зүүн уулын нэгэн жалганд муужран унана. Гэтэл
Юндэн /баруун уулын дээгүүр ирэх бөгөөд Нансалмааг эрсэн байдалтай ийн дуулна/:
Аянаас ирэхэд
Амраг хүү минь үгүй шүү
Ах дүүгээс асуувал
Алга болсон гэнэ шүү
Үхэж үрэгдсэн бол
Өөрийн нь хүүрийг үзэх юмсан
Хүнд дарлагдсан болбол
Хүч чадлаараа тэмцэх юмсан
Алаг нүдний нулимсаа
Арчин байж салсан юмсан
Ааш зан нь хувирсан бол
Арав таван үгийг солих юмсан
Холын газар явахад
Хүйтэн халуунд зүдэрсэн ч
Хурим найрыг хийгээд
Хүүтэйгээ жаргахыг бодсонсон
Хосгүй хоёр амраг
Холдож салах учиргүй сан
Хувь заяа дутахад
Ийм хэрэг болдог уу?
гэж дуулан, уулан дээгүүр буюу урьд Нансалмаагаас салсан газраараа явж байгаад зүүн уулын ёроолд орж хойд уулын зүүн талаар явна.
Энэ завсар Нансалмаа мөн жалганд унасан хэвээр байх бөгөөд гэтэл зүүн уулын модон дотроос нэг зэрлэг гахай ирэн Нансалмаа дээр очиж эргэн тойрон шиншин, таван минут хиртэй болоод идэхийг завдахад Нансалмаа сэргэн цочин сандран өндийж, айн байх ба нэлээд байх үест Юндэн хойд уулын баруун дээгүүр гарч ирээд юуны урьд тэрхүү гахайг хармагц буугаа аван буудна. Гахай унамагц Юндэн буугаа барин хүрч ирэхэд Нансалмаа нэгд айсандаа, хоёрт Балганыг ирэв гэж бодсондоо зугтана. Юндэн таниад “Нансалмаа, Нансалмаа” гэж дуудахад сая эргэж гэдрэг харан Юндэнг танийд гараа сарвайхад Юндэн яаран очиж тэврэн авна. Нансалмаа бас муужран унана. Түүнээс Юндэн газар сууж иин дуулна:
Алга болоод олдохгүйд чинь
Амь тэмцэн явна шүү
Аглаг хээр газар
Яагаад хүрч ирэв
Гэр орондоо байхгүй
Хэл мэдээ орхихгүй
Хээр талд ирээд
Хэвтэж байх чинь юу вэ?
гэж дуулж Нансалмаагийн гарыг барихаар
Нансалмаа /уйлан/:
Эргэж ирэхгүйд чинь
Элдвийн юм бодлоо
Энэлж шаналж гачигдахдаа
Ингэж хээр хэвтнэм
Хурдан нийлж суух гэсэн
Хоосон болохоос айв
Хавчигдаж цухалдахдаа
Хатуу зориглохыг шийдэв
гэж дуулахад
Юндэн /гайхсан байдал гарган/:
Эцэг эх чинь зовоов уу
Өвчин гамшиг тохиолдов уу
Энэ тэр эргүүлдэв үү
Эрээгүй надад хэлээч
Харь этгээд зовоосон бол
Хариу өшөөг авъя
Хайртай хэвээрээ бол
Хад чулууг хагална гэхэд
Нансалмаа:
Амраг чамайг явснаас
Айхтар зовлонд учирлаа
Арга ядаж хүлээхдээ
Уулан дээр ширтэн сууна
Гаргаж өгсөн өдрөөс чинь
Харгис хүн тохиолдлоо
Гартаа оруулж авах гэхэд нь
Ганцхан чамайг харуулдлаа
хэмээсний дараа харилцан тэврэлдэж нилээд тайтгарсан байдалтай байх бөгөөд
Юндэн /ийн дуулна/:
Хоёр бие учирлаа даа
Хойчийн зовлон гайгүй биздээ
Элдэв дарлах гэвэлдээ
Эр чадлаар тэмцэнэ
Амраг сэтгэл байвал даа
Уушги зүрх нэг шүү дээ
Уужим тайвуун байгаад
Ургийн хэргээ гүйцэтгэе /гэсэнд/
Нансалмаа /баярын байдал гарган/:
Учирсныг тооцвол
Ухаж авч үзээрэй
Чонын аманд хавьтуулахгүйг
Чи мэдэх хэрэгтэй шүү
Хүсэл сэтгэл чам дээр
Хүйтэн халуунд дагана
Өөрийн гэртээ аваачна уу
Одоо чамаас хагацахгүй
гэж Юндэн, Нансалмааг өвөр дээрээ суулган толгойг илэн хоёул
Нийлсэн хоёр сэтгэл нь
Мянган лан алт шүү
Зайгүй хатуу нягтад нь
Зүүний үзүүр орохгүй
Алтан наран мандах нь
Агаар тэнгэрийн дэнлүү
Амраг хонгор хүү минь
Ёстой миний дэнлүү
гэж тэврэн суух бөгөөд
Нансалмаа:
Агшин зуур хагацахад
Мянган жил шиг санагдан
Өлссөн хөөрхий сэтгэл минь
Чамайг үзэхээр цадна
Хас чулууны өнгийг
Харлуулж юу ч чадахгүй
Хайртай амраг хүнийг
Хагацуулж хэн ч дийлэхгүй
гэж дуулж байх үед тэр хоёрын хажуугаас Балган гэнэт гарч ирэн догшин байдлаар эсрэг хандан, муухай харан Нансалмаа уруу давшилж ийн дуулна:
Эрээд эрээд олдохгүй
Ингэж харин байна уу чи
Орчлон ертөнцийн дээр
Миний гараас гарахгүй чи
Энэ муу эрээ дагаж
Эзгүй хээр үхнэ үү чи
Худалдаад чамайг авсан ч
Хурдан бушуу явтугай
гэж загнахад Юндэн бяцхан өндийн муухай харж тэмцэлдэхийг бодсон янзтай байх бөгөөд
Нансалмаа /уурлан ийн дуулна/
Хүний арьсыг нөмөрсөн
Чонын толгой дуугүйгээр
Энэ хүнийг харж байна уу
Чамд дарлагдахыг өнгөрсөнъ
Бушуу түргэн далд ор
Хүний хажуугаас зайлж
Чонын сүрэгтээ нийл.
Харанхуйд Балган ухасхийн Нансалмаа уруу дайрмагц Нансалмаа Юндэнгийн ар тийш бултана. Юндэн Балган уруу хөдлөхийг завдтал Балган хажууд байсан нэг модыг авч Юндэнгийн толгойг цохиход Юндэн уулын уруу ойчино. Гэтэл Балган Нансалмааг барин авч, уйлуулан чирч одно. Түүнээс Юндэн уулын бэлд унаад ухаангүй хэвтэж байх бөгөөд энэ үед зүүн уулын араас Хоролмаа хоёр хувин барьж алгуурхнаарр булаг дээр очиж ус аваад буцах замдаа Юндэнг үзэж цочин зайлмаар болсчоо байж хувинтай усаа тавин түүний дэргэд очин “Юндэн, Юндэн, Яасан? Мориноос ойчсон уу” гэж өвчүүн дээр нь дарж үзэхэд Юндэн өчүүхэн хөдөлж байхад
Хоролмаа /даруй сууж толгойн шархыг нь өөрөөсөө цагаан дурдан алчуур гарган боож толгойг нь өвөр дээрээ тавьж ийнхүү дуулна/:
Эртнээс чамайг хүссэнсэн
Одоо учрахаа явсан сан
Ингэж уулзахыг үзвэл
Ерөөл заяатай юмсанж
Жавхлантай сайхан эр л гэж
Засаг хошуугаар хэлэлцсэн
Царай зүсийг үзвэл
Дамжиггүй үнэн юм л даа
Давхраатай хар нүдтэй
Тас цагаан шүдтэй
Дархан Цэндийн Юндэн чи
Давуу цэвэрхэн төржээ
Өслөг гуалаг нуруутаы
Өргөн хар хөмсөгтэй
Өөрийн нутгийн Юндэн чи
Үлэмж сайхан төржээ
Бараагий чинь хараад бахадсан юу
Царайгий чинь үзээд баярлаж байна
Ухаан орж сэргээч
Уг санаагаа илтгэе
Тавилан ерөөл байснаас
Тавтай сайхан уулзлаа
Дээшээ сэргэж босооч
Дурласан сэтгэлээ сонсгоё.
гэж дуулаад Юндэнг хөдөлгөн ядах бөгөөд даруй аятайхан хэвтүүлэн босож нэг хувинтай ус авчран түүний товчийг тайлж энгэриыг яран ус шүрших бөгөөд бас хажуугаар нь үнсэж байна. Гэтэл Юндэн алгуураар аан уун гэж ярагласаар сэргэж, нүд аниатайгаар дэрлэж хэвтсэн Хоролмаагийн гарыг барьж илэн мөнхүү “Нансалмаа” гэж дахин дахин тэмтрэх бөгөөд үүнд Хоролмаа их цочсон янзтайгаар дэмий л “зүгээр зүгээр” гэнэ.Гэтэл Юндэн бүрмөсөн сэргэн өндийж Хоролмааг ширтэн “Та юун хүн бэ? Нансалмаа яасан бэ?” гэхэд
Хоролмаа:
Нансалмааг би мэдэхгүй
Харин таныг энд ухаангүй
Хэвтэж байхад нь
Би тэнхрүүлэн сэрүүлэв
Хэрэв жишихгүй бол
Өчүүхэн надтай танилцах болов уу?
Би таныг хэдийнээс таних боловч, ийнхүү
Нүүрч учирч явсангүй
Та мориноос ойчсон буюу, яасан бэ?
гэхэд
Юндэн /талархан/:
Та яасан сайн хүн бэ, хэрэв
Та намайг авран сэргээсэнгүй бол,
Би эзгүй хээр газар
Аягүй бол үхэж үрэгдэнэ
Өөрийн сүйтэй хүүхэнтэй
Хамтран сууж байхад
Нэг үл таних хүнд
Санамсаргүй жанчигдав
Эрхэм бүсгүйн нэр хэн бэ? Гэр хаана байна вэ?
Хожим аяийг хариулъя /гэхэд/
Хоролмаа /ихэл баярлан инээмсэглэх царай гаргаж ийн дуулна/:
Учрал ерөөл байснаас
Уулзаж тохиолдсон нь энэ биз
Муужирсан таныг сэргээх нь
Мөхөс миний сэтгэл ээ
Эрхэм хүн тантай
Ингэж танилцах хишиг байжээ
Доодын гэрт саатаж
Тэнхээ тамираа сувилна уу? /гэхэд/
Юндэн /өндийж/:
Эелдэг сэтгэлт охин таны
Энэрч үзсэнд баярлана
Гэр нэрээ хэлж өгнө үү?
Хожим айлчлан очъё
Зөөлөн хөнгөн гараараа
Илж сувилсанд талархана
Эгч дүү мэт дотнолж
Ач тусыг хариулъя /гэхэд/
Хоролмаа /өмнө зогсон/:
Самуун улсын гарт
Шархдаж унасанд түвдэхгүй
Сайхан өнгө чинь шарласанд
Сувилж засахыг хүсэж байна
Хас царайгий чинь харахад
Хайрлах сэтгэл өрнөж байна
Хамт манайд очиж
Халуун цай зооглоно уу? /гэхэд/
Юндэн /маргаж/:
Учирч намайг сувилсанд
Ухаан санаа минь сэргэж байна
Уран сайхан ааший чинь
Уяран бахдан сүсэлнэ
Таныг дагаад явах юмсан
Танилцаж мэдэлцэж авах юмсан
Эхнэрээ олоод очих юмсан
Эгч минь та харсан уу? /гэхэд/
Хоролмаа /бяцхан царай хувирч ийнхүү дуулна/:
Зальхай этгээдтэй нийлж
Залуу чамайг мэхэлнэ
Богтолж авах гэсэн хүүхэн чинь
Балгантай нөхцөөд очсон шүү
Ийм сайхан эрд
Эхнэр хаана мундах вэ?
Ганц нэгийн хойноос
Гансарч зүтгээд яах вэ? /гэхэд/
Юндэн /цочсон мэт болж/:
Хоёр сэтгэл нийлсэн сэн
Хувиралтгүй шийдсэн сэн
Хол газар явахдаа
Хойш бодсонгүй сэн
Зальхай хүний хүч биз
Зан авир хувираагүй биз
Таны үгийг дуулахад
Дотор харанхуйлан давчидна
гэж ихэд цухалдсан янз гаргахад
Хоролмаа /түүний хормойноос барьж сөгдөн сууж ийн дуулна/:
Аянд явсан өдрөөс чинь
Амраг сэтгэл хувирсан шүү
Өнжиж хонох бүрд
Өөр хүнд дассан шүү
Балган гэдэг хүн
Баян түшмэлийн хүү шүү
Эр чадал ч ихтэй
Эзэд ноёдод ч талтай
Санаагаа тайл л даа
Сайн бодож үз л дээ
Янаг амраг гэгч
Янзаар байдаггүй юм
Үнэн сэтгэл ч ховор юм
Өнгө мөнгөнд ч болдог юм
Үйл заяа ч хэцүү юм
Өөрийн санаагаар болдоггүй юм
Шинэхэн ханилахын үед
Шимтэй сайхан амттай
Санамсаргүй байсаар
Сүү шиг хурдан гашилдаг юм
Янаг амраг гэгч
Эмзэг нь яах аргагүй
Ялиггүй бяцхан хөндвөл
Эмтэрч эвдрэх хялбархан
Бадарч байгаа янаглал
Зүрхний дотор халуун
Буурч хувирах үедээ
Нүдний үзүүрт хүйтэн
Хатсан газрын хөрсөн дээр
Цэцэг ариун ургадаггүй
Харласан сэтгэлийн дотор
Алт цутгаад цайдаггүй
Орчлон гэдэг нь бөөрөнхий
Эргэж хувирч байдаг юм
Уярангашуудах хэрэггүй
Ондоо зам байдаг юм
Залуу эр зоригтой
Чанга бодож яв л даа
Энэлж шаналж уйтгарлавал
Эгч чинь зугаацуулж үзье
Эцэг эх минь хөгшин
Эзлэх толгойлох хүнгүй
Энэ бие ганцаар
Одоо манайд оч л доо
Гэр орон ч холгүй
Хэтийн зам ч нарийнгүй
Хэзээний ерөөл байснаас
Хоёулаа улзахнь энэ үү
Хоёр уулын хооронд
Хоёулан амраглан янаглаж...
гэж босоход Юндэнгийн ханцуйнаас татан хөтөлж одно. Юндэн бяцхан ухарсан мэт боловч эргэн түүнийг дагаж одтол хөшиг хаана.
ГУРАВДУГААР ҮЗЭГДЭЛ
Зүүн уулын өмнө талд Нансалмааг мордуулж байгаа үзэгдэнэ. Түрүүнд Балган буу үүрсэн явах ба дараагаар нь Нансалмаагийн толгойг улаан юмаар бүтээж хоёр талаас сугадан авч явна. Хойноос нь хоёр эр хүн явах бөгөөд Нансалмаа уйлан гэдрэг тэмүүлэн байна. Түүнээс тэд зүүн уулын хойгуур тойрон хойд уулын араар далд орж үгүй болно. Замд Нансалмаагийн хоёр талд яваа хүүхний нэг нь:
Хадамд очдог нас шүү
Хайлж уйлаад яах вэ
Хан хүний нэг шүү
Хатан болох нь та шүү
Сайн хүний хүү юм шүү
Сайхан төрсөн эр юм шүү
Санаа сэтгэл хоёр чинь залган
Нансалмаа дээр болсон юм шүү
гэж дуулж явна. Бас нөгөө нь:
Зөв харж инээ л дээ
Буруу харж уйл л даа
Эрд очих гэгч чинь
Энэ насны жаргал шүү
Угсаат хүний хүү юм шүү
Урьдаас чам дээр сорголсон юм
Учирсан нөхөр хэн гэх вэ
Ухаан санаандаа бодоорой
Ард нь яваа дагасан хоёр хар хүний нэг нь:
Уйлаан майлаан болж байна
Унд хоол нь болоогүй байна
Эртхэн аваачиж өгөөд
Идэж уух юмсан даа
гэж инээлдэн дуулж явна. Бас нөгөө нь:
Бэр хүргэх бэлэгтэй
Бялхаж халгих хуримтай
Байр нийлүүлэх жинтүүтэй
Дээгүүр доогуур хүслэнтэй
гэж инээлдэн дуулж явна. Яаралгүйгээр хойд уулыг даван ормогц олон хүний дуу гаран инээлдэж , баяр бололцон байх бөгөөд найрын чимээ сонстож, нэг хэсэг болоход Юндэн зүүн талаас гарч ирж Нансалмаагийн хойно явж байгаа мэт энэ үед тайзны гэрэл шөнийн байдалд болоход мөнөөх найрын дуу хөгжим намхран дан ганц зөөлөн хуурын дуу гарахад
Юндэн /ийн дуулна/:
Хайрт залуу хоёр
Халуун сэтгэлдээ татагдаж
Хойно хойноосоо эрэлцэхийг
Харсан хүн уярна
Хос хос нүд нь
Хоёр бие дээрээ тусч
Хоёр амраг зүрх нь
Бие биедээ тэмүүлнэ
Амраг сэтгэл цавуу шиг
Аргагүй салах нв цахилгаан шиг
Үүнийг нарийвчлан бодоход
Сэтгэд заавал эвдэрнэ
Мөрөөдсөн хүмүүс учрахад
Мөс боловч хайлмаар
Дурласанхүн салахад
Чулуу боловч хэмхэрмээр
Санасан хэрэг болзошгүй
Санаатай юм тохиолдоно
Сайхан бүсгүй ирэв
Санаа сэтгэлийг бусниулав
Уран үгтэй хүүхэн ээ
Уруул хацар нь хөөрхөнөө
Ертөнц гэдэг бөөрөнхий
Янаг сэтгэл хувирдаг
Хуурчийн шүлэг:
Хоёр уулын үзэсгэлэн
Хүн бүхнээ гоёмсог
Хосолсон амрагийн үг
Бие биедээ урамтай
Сар шиг өнгөтэй охин
Нар шиг гэрэлт эр
Намрын тунгалаг өдөр
Зэрэглэн суух нь гоёмсог
Агуу сайхан нар
Гэгээн гэрлээ тусгана
Алтан сайхан дэлхий дээр
Хоёр янаг баясна
Намрын салхи зөөлөн
Янагийн үг цэвэрхэн
Ярьж хэлэлцэхийг нь сонсоход
Хэн ч сэтгэл хөдөлнө
Үзэсгэлэнтэй төрсөн Нансалмаа
Өөрийн хошуундаа хайрлагджээ
Үнэхээр түүний сэтгэлийг
Ганцхан хүн дээр шийдсэн сэн
Хос амраг зайгүй ч
Гурвалжин болоход нь будлиантай
Янагийн үлгэр гэгч
Ингэж эхэлдэг ажээ.
Холбож ёслохоор шийдсэн юмсан
Хайртай амраг хүүгээ
Харийн хүнд алдаад
Хойд уулын энгэр дээр
Ганцаар юунд гуниглана
Хэлэлцсэн яриа яасан бэ
Хэдэн үгээ солих юмсан
Албадаж чамайг аваачив уу
Ааш зан чинь хувирав уу
Хатуу зориг чинь байна уу
Гараад ирж уулзана уу
Хоёр сэтгэл хэвээрээ бол
Гал уснаас халшрахгүй
Уулын цаанаас
Нансалмаа:
Уулын оройгоос дуулж байна уу
Ухаан санаа сэргэж байна уу
Учирч уулзахыг хүсэж байна уу
Улсын нойрсохыг хүлээе
гэж дуулан байтал, мөн хойд уулын баруун талаас Хоролмаа гарч ирэн Юндэнгийн дэргэд очиж:
Хэний хойноос хараа вэ
Хүний хүнээс ичихгүй юу
Гэр орондоо тогтохгүй
Хээр гүйх чинь юу вэ
Юндэн:
Харийн хүн аваад явахад
Хар нүд минь халтирна
Харамсах сэтгэл багтахгүй
Голт зүрх минь гарах нь
Алтан нар далд ороход
Дахиж үзэхгүй гэж мэдэрч
Амраг янагт автаж
Ертөнцөөс салахыг шийдэв
Өндөр уулан дээр гарахад
Холын бараа харагддаг юм
Өөрийн хэргээр сууж байна
Өөр бусдад хэрэггүй
Хоролмаа:
Өнгөрсөн юмаар яах вэ
Өөр замыг бод л доо
Ингэж суугаад хэрэггүй
Үгэнд минь эрхгүй ор л доо
Юндэн:
Ижил хоёр шувуу шиг
Дуу дуугаа таньдаг юм
Замын хоёр хүн
Зүг зүгтээ явдаг юм
Хоролмаа:
Санаа сэтгэл нь хэвээрээ бол
Салж хаанаас явах вэ
Эргэж тойроод яах вэ
Эртхэн замаа эр л дээ
Уулын цаанаас Нансалмаа гарч ирнэ. Түүнийг Хоролмаа хармагц, уулын ард нуугдан оорно.
Юндэн/Нансалмаатай учирч ийн дуулна/:
Ижлээс салсан ангир
Эргэлдэн тойролдон ганганана
Энхрий чиний хойноос
Элэг зүрх минь эмтэрч байна
Нансалмаа:
Хойноос ирэхгүй болоход чинь
Хорлогдсон гэж бачимдав
Хослон дуулах хоолойг чинь
Холоос сонсоод баярлав
Юндэн:
Торонд орсон болжмор шиг
Тогтож ядахыг чинь өрөвдөв
Хадмын хар гинжнээс
Хэрхэн мултарч ирэв
Нансалмаа:
Шөнийн харанхуй болоход
Журмаар эцэслэхийг бэлтгэв
Өнийн ерөөл байснаас
Чамтайгаа бас учрав
Юндэн:
Уулын орой дээр гарч
Амь тэмцэн харуулдав
Амрагхүү минь хүрээд ирэхэд
Арав таван үгээ солив
Нансалмаа:
Бүрүй баруй болж байна
Бүдэг од сүүмэлзэж байна
Бүрмөсөн хагацах энэ үү
Бодож санах юмгүй юу
Юндэн:
Орчлон ертөнц харанхуйллаа
Олны хөл нь татарч байна
Олж бид хоёр чадахгүй биз
Одоо хоёулаа явъя
Нансалмаа:
Алсын замаар явъя даа
Амрагхүүгээ дагая даа
Сэтгэлийн зовлон хэцүү юм
Шийдсэн сэтгэл чам дээр шүү
/Оргон явна/
Хоролмаа босон, уул даван одно. Удалгүй Балганы хамт хэдэн хүн дагуулан Юндэнг барих гэж явна.
Нансалмаа:
Төрсөн нутгаас ангижирхад
Дотор балсдан харанхуйлна
Түмэн замын бэрхэд
Чамтайгаа явъя
Юндэн:
Хангай орноо орхиод
Харийн газар тэнүүчилье
Амьдрах үхэх шороо
Аль газар бий гэнэм
Нансалмаа:
Гэрэлтэй баясан уул
Сүртэй аймшигтай үзэгдэнэ
Гийж байсан сэтгэл
Түг түг түгшинэ
Юндэн:
Саруул сайхан хөндий
Хав харанхуй болов
Сайхан бодсон хүсэлд
Саад болох юмгүй дээ
гэж дуулж явтал гурванхүн гүйн гарч ирээд хүч хавсран Юндэнг барьж занчина. Нансалмаа, Юндэнд туслахыг бодовч Балган чирч, уул даван одно. Үлдсэн хоёр хүн Юндэнг занчаад мөн явна. Мөнөөх модон дотор Юндэн хүлээтэй хэвээрээ хавчин байж ийн дуулна.
Хайлаас модон дээр
Харцага шувуу жиргэхэд
Хайрт амраг хүүтэйгээ
Хамтрах үгээ ярьсан
Хамаг бодис найралдахад
Хоёр сэтгэл ч бахтай сан
Харин эцсийн өдөр
Хантайруулан хүлэгдэхийг санасангүй
Эзгүй хээрийн газар
Ингэж үхэх цаг байжээ
Эр байж дээ
Өшөө хариугаа авах сан
гэж дуулж толгой унжуулан байтал, уулын зүүн сугаас
Хоролмаа /гарч Юндэнгийн дэргэд ирээд ажиглан ийн дуулна/:
Хасын чулууг хагалбал
Хамаг үнээ алддаг юм
Хайрласан үгэнд орохгүй бол
хар толгойд чинь тохиолддог юм
Эргүү мжнхаг болж байна чи
Эр чадал чинь аль вэ
Эмийн хойноос явсаар
Ингэж байхдаа ичихгүй юу
Энэрч хайрласан сэтгэлээс
Эргэж чамайг ирсэн юм
Нансалмааг авах чинь өнгөрсөн шүү
Надтай суувал дээр шүү
гэж дуулан Юндэн шаазуур зуун дургүй байдалтай байна.
Хоролмаа уурласан байдалтай гэнэт ханцуйнаасаа хутга гаргаж Юндэнг дүрэх байдалтай очоод Юндэнгийн хүлээсийг таслаад Хоролмаа Юндэнгийн гараас барьж одн о.
Хуурчийн шүлэг:
Амраг янаг гэгч
Аль ч хүнд байдаг юм
Алт мөнгөөр цохиж
Авахад бэрхтэй нь үнэн ээ
Хайртай амраг гэгч
Хагацах нийлэх нь болзоогүй
Харж суугчдын дотор
Бас ч тийм биз
Хоёулаа нийлээд явахад нь
Хүсэл санаа хангалттай
Хол газар одоход нь
Хүний сэтгэл эвдэрмээр
Халуун хүйтний зовлонг
Хамтаар үзэх нь журамтай
Хоёр биеийг холбож
Хэзээ жаргах юм бол доо
Түмэн лангийн амрагт
Нэг цэнгийн тусламжгүй
Түүнийг зовоогч этгээдэд харин
Хүн бялдуучилна
Хоёр хүн нийлсэн сэн
Дөрвөн хүн болов
Хэн хэнд зохицохыг
Хэрхэн одоо мэднэ
ДӨРӨВДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ
Хөшиг нээмэгц, тайзны дотор тунгалаг сайхан өдрийн байдалтай байна.
Юндэн /зүүн уулан дээр шанаагаа түшиг сууж ийн дуулна/:
Алтан нарны гэрэл
Арван зүгт цацарна
Агуу сайхан туяанд нь
Амраг хүү минь үзэгдэхгүй
Алс харахад уужим
Амьсгал дотор цухал
Амьд мэнд явбал
Учрахын ерөөл бий болов уу
гэж дуулж байтал цаанаас
Хоролмаа /сэмээр гарч ирэн Юндэнгийн өмнө очиж ийн дуулна/:
Үүлээр нисэн ирэвч
Амраг чамд олдохгүй
Өдөр шөнөгүй хүлээвч
Сэтгэл санааны гарз
Мянганы газар харуулдавч
Янаг хүн чинь ирэхгүй
Мах яс чинь хайрангүй юу
Ямар ч заяа байхгүй биз
гэж дуулахад
Юндэн:
Алс харуулдахыг минь хориглоно биз
Амраг сэтгэлийг минь хориглохгүй биз
Эргүүлж саатуулж чадавч
Үүрд хувируулж чадахгүй
гэж дуулахад
Хоролмаа:
Мэргэн ухаан чинь самуурсан биз
Мэдэл санаа чинь төөрсөн биз
Үйл зовлонг эдэлсэн шүү
Өрөвдөж чамайг хайрлана
гэж дуулахад
Юндэн:
Олс дээсээр холбосон ч
Хутга хайчаар тасалдаг юм
Нийлсэн хоёр сэтгэлийг
Илд жадаар салгахгүй
гэж дуулахад
Хоролмаа:
Хутга мэсийг гаргасангүй
Хар санааг агуулсангүй
Хайрлах энэрэхдээ хэлсэн юм
Харьж суувал дээргүй юу
гэж дуулж суухад
Нансалмаа /хойд уулын дээр ирж ийн дуулна/:
Шөнө харанхуй үес
Аялгуу дуу жихүүн
Сэтгэлийн хүнээс салахад
Зүрхэнд хутга орсон шиг
Оргож бүгж гарав
Ой модоор тэнэв
Хөх тэнгэр гэгээрэв
Хөөрхий хүү минь олдохгүй
гэж дуулахад
Юндэн /тэр зүг ширтэн/:
Тунгалаг сайхан өдөр
Түмэн бодис баясна
Түүний сайхан цэнгэлийг
Хэзээ бид амснам
Огторгуйд байгаа одыг
Унагаж буулгаж болохгүй
Онцолж зохицсоэ сэтгэлийг
Огтолж бас чадахгүй
гэж дуулахад Хоролмаа уурлан: “Яах гэж гиюүрсэн юм бэ? Яв эртхэн.” гэж Юндэнгийн гараас чангаахад Юндэн уурлан “Яасан ч чамд хамаагүй.” гэж гарыг даллан хүчтэйгээр түлхэхэд Хоролмаа уулын ар уруу өнхрөн унана. Юндэн даруй босож Нансалмаа уруу очих гэтэл хойд уулын араас
Балган /гарч ирэн Нансалмаагийн дэргэд сууж ийн дуулна/:
Хүсэл сэтгэл дамжигтай ч
Хөх хадгаар нийлүүлсэн шүү
Төрийн ёсыг дагавал
Түмэн баяр гүйцэлдэнэ шүү
Цагаан гэрийн дотор
Улаан энгэсгийг түрхэж
Торго магнагийн дунд
Дураар цэнгэхийг бодохгүй юу
гэж дуулахад Юндэн, Нансалмаа уруу очих гэснээ түр зогсон зүүн уулын баруун хойд хажууд гайхан байх бөгөөд Балганы хариуд:
Нансалмаа /ийн дуулна/:
Тэн тэнгүй ачаа
Тэмээ малын зовлон
Тэнцүүргүй амраг
Сэтгэл санааны зовлон
Харлаг царайг чинь үзэхэд
Хамаг бие минь жихүүцнэ
Хэзээ ч намайг авахгүй шүү
Хэтийн замаа бод л доо
гэж дуулахад
Балган:
Тэнцүүр үгүй ачааг
Даашин олсоор тэнцүүлдэг юм
Дэнсэлж догдолсон сэтгэл
Тэгсээр байгаад тогтдог юм
Эрх мэдлээ өгье
Эцгийн хөрөнгийг тушааяа
Өвдөг дор чинь явъяа
Өчүүхэн надтай суугаач ээ
гэж дуулахад
Нансалмаа:
Уул шиг алт ч хэрэггүй
Өчүүхэн амраг хэрэгтэй
Янагийн хооронд битгий ор
Явдаг газраа тэнүүчил
Алсын зоригоо бодно
Алтан амиа бодохгүй
Авилагч муухай аашилбал
Алалцаж байгаад үхнэ
гэж Балганыг түлхсэнд, Балган хойд уулын ар уруу өнхрөн унан. Түүнд Юндэн цочих мэт болон бяцхан өндийхөд
Нансалмаа /инээмсэглэн баяртайгаар ийн дуулна/:
Шөнийн сүрхий салхинд
Шугуйн навч унав
Сэтгэл зүрх минь сэрчигнэж
Чиний хойноос тэмүүлэв
Хүний гарт орон алдлаа
Хүзүү толгой салан алдлаа
Хүүтэйгээ уулзахыг санасангүй
Хурдан наашаа ирнэ үү
гэж дуулахад Юндэн босож Нансалмаагийн дэргэд очиж гараас нь барихад Нансалмаа баярласан бахадсан янзтайгаар түүнийг түшинэ.
Юндэн /ийн дуулна/:
Намрын хонгор салхи нь
Найган ганхан салхилна
Намайг чамайг зовоосон
Яасан сүрхий орчлон бэ
Нансалмаа /хариуд/:
Алтан нар мандаж
Дэлхий дахниныг гийгүүлсээр
Аяа бид хоёр
Түүний дотор зовсоор
гэж дуулахад
Юндэн:
Энхрий чамайгаа хүсэхэд
Элэг зүрх минь эмтэрнэ
Ингэж хааяа уулзахад
Энэрэлт чам уруу тэмүүлнэ
гэж дуулна.
Нансалмаа:
Харгис хүн хэцүү ч
Халуун сэтгэлийг халхлахгүй
Халдах түрэмгийлэх нь хортой ч
Хайртай хүү минь хувираагүй
гэж дуулж Юндэнг тэврэхэд Юндэн түүнийг тэвэрч үнсэн тэр хоёр нэлээд удаан болж салцгаасны дараа Юндэн Нансалмаа хоёр хослуулан:
Нарны элчгүйгээр
Навч цэцэг ургахгүй
Алтан сайхан гэрэлд чинь
Өчүүхэн бид хоёр амраглана
Урьхан хонгор салхинд нь
Уулын ногоо ганхана
Удаж уулзсан бид хоёр
Уушиг тэнийж баярлана
Хөх тэнгэр цэлмийж
Хөвөн үүл хөвсийхөд
Хүсэж мөрөөдөлцсөн бид хоёр
Хослон явалцах нь сайхан аа
Уудам талд өссөн сөн
Уужим газар дассан сан
Огцом зовлонгоос гэтлэв үү дээ
Одоо хоёул харья даа
гэж дуулж сугадалцан уулнаас бууж явтал гэнэт уулын баруун талаас Балган Хоролмаа хоёр хүн дагуулан Юндэн, Нансалмаа хоёрын эсрэг янзтай гарч ирэх бөгөөд тал талд тархан орж одно. Гэтэл нэг хүн ирж энд байна гэхэд Юндэн барин авч ноцолдон дийлнэ. Удалгүй Хоролмаа ирэхэд Юндэн уурласан байдалтайгаар өндийхөд Хоролмаа айн зайлж одно. Бас даруй нэг хүн ирж мөн ноцолдон дийлж байтал, Балган ирж дороо хийж занчихад Нансалмаа даруй Балганы ард байсан хутгыг сугалан авч дүрэх гэтэл Балган босуут хутгаа аван Юндэнг дүрэн ална. Юндэн өнөөх жрьдын чулууны дэргэд унана. Хоёр хүн “Чи юунд амины хэрэг гаргав? Маныг хэрэгт холбогдуулав. Чамайг албаны газар хүргэж бид хэргээс гарна.” гэж туслахыг байж харин түүнийг барин хүлж авч одоход Балган аргагүй болж хөтлөгдөн явах замд “Нансалмаа надад хэрэггүй” гэж чанга дуугаар хоёр гурав дахин хэлж одно.
Хоролмаа айсан мэт болж “Юндэн надад хэрэггүй” гэж мөн чанга дуугаар хэдэнтээ хэлж зугтан одно.
Нансалмаа ганцаар сандран хоцорч Юндэн дээр очиж уйлан бархиран эргүүлж хөрвүүлэх ба нүд зүрхийг дарж үзэх бөгөөд нэгэнт үхсэн болоход ихэд гашуудах байдал гарган түүний хажууд сөгдөн сууж энэлэгтэй янз гарган толгойг нь илж уйлан:
Хайртай амраг хүү минь
Гагцхүү намайг гэсээр
Хайран амиа алдахад
Гашуудан гашуудан барахгүй
Эрээлэн ганхах цэцэгт
Өвлийн хүйтэн дайсан аа
Ижилгүй хоёр амрагт
Өшөөт хүн эрлэг ээ
Орчлонт ертөнцийн нар нь
Олон хүнийг баясгуулна
Орой үдэш шингэвч
Өглөө дахин мандана
Өчүүхэн миний нар нь
Өнөө өдөр эцэслэв
Үүрд дотор минь харанхуй
Энэ насан хэрэггүй
Дассан чамаас салахад би
Талд хоцорсон янзага шиг
Дэлхий дахины дэр
Түвдэж оршиход бэрхтэй
Ихэмсэг сайхан ууын хажууд
Энэхүү хуучин чулууны дэргэд
Эхний өдөр баясгалантай асан
Эцсийн өдөр гаслантай аж
Ижлээсээ хагацсан шувуу
Эргэлдэн тойрох нь энэрэлтэй
Эрээс салсан намайг
Өрөвдөх хүн байна уу
Хосгүй, адилгүй эр чи
Хоёргүй дагасан эм би
Холбох нийлэхийн заяагүй бол
Хоёул үхвэл баяр бас
гэж дуулж сүүлчийн бадгийг эхлэхийн үед Юндэнгийн цээж уруу шаалттай хутгыг сугалан авах бөгөөд дуулж төгсөхөд зүрх уруугаа шааж унана.
Хөшиг хаана.
ТӨГСӨВ